2026-2027 оны хичээлийн жилээс сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцах иргэдийг сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Х.Есү
43 минутын өмнө

Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам” -ын 3.4-т “Тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, хөнгөлөлтөөр гадаадын сургалтын байгууллагад суралцуулах сонгон шалгаруулалтыг жил бүрийн II улиралд багтаан цахимаар зохион байгуулна гэж заасны хүрээнд Сонгон шалгаруулалтын зар мэдээллийг 4 дүгээр сарын 30-наас ээс эхлэн мэдээлж, хүсэлт хүлээн авах хугацаа нь 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагаас 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд өргөдөл гаргагчид https://scholarship.elf.gov.mn/ сонгон шалгаруулалтын цахим системээр дамжуулан өргөдлөө гаргаж байна.

Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцах иргэдэд олгох сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад дараах иргэд хамрагдах эрхтэй. Үүнд:

  • ”2+2 хөтөлбөр”-ийн хүрээнд сонгон шалгаруулалтад өргөдөл гаргагч нь журмын 1.3.7,  2.2,  10.3.1-д заасан шаардлагыг хангаж, дотоодын сургалтын байгууллагад эхний хоёр жил амжилттай суралцсан, гадаадын сургалтын байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрөөр үргэлжлүүлэн суралцах эрх авсан суралцагч байна.
  • Гадаадын сургалтын байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцах эрх авсан, журмын 2.2, 10.3.2, 10.4-т заасан шаардлагыг хангасан суралцагч байна.
  • Гадаадын сургалтын байгууллагад магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцах эрх авсан, журмын 2.2, 10.3.3, 10.4-т заасан шаардлагыг хангасан иргэн байна.

Гадаадын сургалтын байгууллагын суралцагч дараах нийтлэг шаардлагыг хангасан байна.

  • Монгол Улсын иргэн байх.
  • Тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн чиглэлээр үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч байх.
  • Магистр, докторын хөтөлбөрт анхлан суралцагч байх.
  • Суралцагч зээл авснаас бусад тохиолдолд сангийн хөрөнгөөр суралцаагүй байх.
  • Элсэн суралцагч бол үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж, урилга авсан, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улиралд судалсан хичээлүүд нь тухайн үнэлгээний системийн дагуу хангалттай буюу түүнээс дээш түвшинд үнэлэгдсэн байх
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу "Өрийн мэдээллийн нэгдсэн сан"-д зээлийн үлдэгдэлгүй байх.

Өргөдөл гаргагч нь дараах  баримтыг цахим системд байршуулж бүртгүүлнэ. Үүнд:

  • Цахим системд иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний хаягийн мэдээлэл, өрхийн гишүүдийн мэдээлэл, төрсний гэрчилгээний лавлагаа, боловсролын мэдээлэл, цагдаагийн тодорхойлолт, ажил эрхлэлтийн талаарх мэдээлэл зэргийг ХУР системээс автоматаар татаж баталгаажуулна.
  • Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагаас тодорхой мэргэжлийн чиглэл, хөтөлбөрийн түвшин, суралцах хугацааг заасан, үндсэн ангид элсүүлэхээр шийдвэрлэснийг баталгаажуулж, тухайн өргөдөл гаргагчид ирүүлсэн албан ёсны урилга, захидал, суудал баталгаажуулах, урьдчилсан төлбөр төлөх, эрүүл мэндийн даатгалд хамрагдах зэрэг шаардлагыг үндсэн ангийн урилгын нэмэлт нөхцөлд тооцохгүй.
  • Албан ёсны баримтаар баталгаажсан сургалтын тэтгэлэг олгосон тухай баримт
  • Нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн дүнг тодорхой заасан албан ёсны баримт эсхүл нэхэмжлэх. Уг баримт бичиг нь тухайн хичээлийн жилд хамаарах, төлбөрийн дүн нь тодорхой валютаар илэрхийлэгдсэн, сүүлийн зургаан сарын дотор олгогдсон буюу хүчинтэй байх шаардлагыг хангасан байна. Сургалтын байгууллагын онцлогоос шалтгаалан сургалтын төлбөрийн нэхэмжлэхийг элсэлт баталгаажсаны дараа олгодог тохиолдолд өргөдөл гаргагч дараах баримт бичгийн аль нэгийг ирүүлэх. Үүнд: 

4.1. тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийг тодорхой тусгасан сургалтын байгууллагын албан ёсны үнийн жагсаалт;

4.2. сургалтын байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг бүхий тухайн өргөдөл гаргагчийн сургалтын төлбөрийг баталгаажуулсан албан бичиг;

4.3. өмнөх хичээлийн жилийн ижил түвшин, ижил мэргэжлийн хөтөлбөрийн сургалтын төлбөрийн нэхэмжлэхийн хуулбар (Энэ тохиолдолд үнэлгээний зорилгоор сургалтын төлбөрийн хэмжээг тухайн нэхэмжлэхэд заасан дүнгээс 10 хувиар нэмэгдүүлэн тооцно.)

4.4. Докторын үндсэн хөтөлбөрөөр суралцах бол эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт, тодорхойлох захидал (суралцах арга барил, судалгааны урьдчилсан сэдэв, арга зүй, эрдэм шинжилгээний ажлын туршлага, зан төлөвийн онцлогийг тодорхойлсон удирдагч багш, эрдэмтэн, байгууллага тус бүрийн тодорхойлолт);

4.5. Бусад баримтуудыг нэгтгэн нэг *.pdf файл болгон Цахим системийн “БУСАД” гэсэн файл байршуулах хэсэгт байршуулна. ХУР системээс татагдаагүй эсвэл алдаатай татагдсан мэдээллийг бусад баримтуудтай нэггэнэ. Тухайлбал,

4.6. хүсэлт (батлагдсан маягтаар);

4.7.тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцах бол ажилласан жилийг тодорхойлсон албан бичиг;

4.8. төрийн албан хаагч бол ажлын гүйцэтгэлийн үнэлгээний хуудас болон ажилласан жилийг тодорхойлсон албан бичиг.

Хүсэлт хүлээн авах хугацаа дууссаны дараа Цахим системд өргөдөл гаргагчийн ирүүлсэн мэдээлэлд үндэслэн дараах аргачлалаар урьдчилсан оноо болон эрэмбийг тооцож, гаргана. Үүнд:

  • дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Таймс Хайэр Эдүкейшн Вөрлд Юниверсити Ранкингс”-аас цаг хугацааны хувьд хамгийн сүүлд тогтоосон эрэмбийн жагсаалтыг үндэслэн 25 хүртэл оноо;
  • сургалтын тэтгэлгийн хэмжээг үндэслэн 40 хүртэлх оноо. (Үүнд амьжиргаа, дотуур байр, судалгааны зориулалтын тэтгэлэг, хөнгөлөлт хамаарахгүй),
  • сургалтын төлбөрийн нийт хэмжээг үндэслэн 35 хүртэл оноо (Үнэлгээнд сургалтын төлбөрөөс сургалтын тэтгэлгийг хассан дүнгээс тооцно)

Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад өргөдөл гаргагчдын урьдчилсан оноо бүхий эрэмбэлсэн жагсаалтыг 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Цахим систем болон Боловсролын зээлийн сангийн elf.gov.mn цахим хуудаст байршуулж, нийтэд ил тод мэдээлнэ.

Урьдчилсан эрэмбийн жагсаалтаас хяналтын тоонд багтах өргөдөл гаргагч болон хяналтын зорилгоор нөөцөд хамруулах өргөдөл гаргагчдын баримт бичгийг хяналтад хамруулах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж үр дүнг ил тод зарлана.

Өргөдөл гаргагч урьдчилсан жагсаалтын үр дүн, баримт бичгийн хяналтын явцтай холбоотой өргөдөл, гомдлоо урьдчилсан жагсаалт нийтлэгдсэн өдөр ажлын хэсгийн хуралдааны явцад эцсийн дүгнэлт, жагсаалтыг баталгаажуулахаас өмнө бичгээр болон цахимаар ажлын хэсэгт гаргаж болно.

Ажлын хэсэг ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухай бүр хэлэлцэн шийдвэрлэж, шаардлагатай тохиолдолд холбогдох баримт бичиг, мэдээллийг нягталж, эцсийн шийдвэрийг баталгаажуулна.

Ажлын хэсгийн үйл ажиллагаа, ашиг сонирхлын зөрчил, ил тод байдал, шийдвэр гаргах ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлыг Боловсролын сайдын дэргэдэх Орон тооны бус зөвлөл хүлээн авч, хуанлийн нэг өдрийн дотор буюу 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 15:00 цагаас өмнө хэлэлцэн дүгнэлт гаргаж, дүгнэлтийг Ажлын хэсэгт хүргүүлнэ.

Ажлын хэсэг орон тооны бус зөвлөлийн шийдвэрийг үндэслэн сонгон шалгаруулалтын эцсийн жагсаалт болон холбогдох шийдвэрийн төслийг 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөрт багтаан Боловсролын сайдад хүргүүлнэ.

Боловсролын сайд холбогдох журамд заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцуулах тухай тушаал гаргана.

Гадаадын сургалтын байгууллагын үндсэн хөтөлбөрт 2026-2027 оны хичээлийн жилээс сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцах иргэдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ажиллах удирдамжийг www.elf.gov.mn вэбсайтаас харна уу

Линк: https://elf.gov.mn/11691/



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна