Ж.Энхбат: Амар хялбар аргаар мөнгө олохгүй, хөдөлмөрлөх л ёстой юм байна гэдгийг оройдоо ортол ухаарч байна

Т.Отгонсувд
1 цаг 47 минутын өмнө

Хийж бүтээж буй залуусаа алдаршуулах, аливаа бэрхшээлийг даван туулсан, бусдад багахан ч атугай сургамж өгөх түүхийг хуваалцдаг Зөв.мн сайын “True Story” контент энэ удаа ганган таксины жолооч Ж.Энхбатыг онцоллоо.

 Ж.Энхбат 27 настай ч одоо 3-4 ажил зэрэг хийж, ирээдүйгээ бүтээхээр хөдөлмөрлөж буй их хотын завгүй амьдралд хөлөө олохоор хичээж буй нэгэн.

Хийж байгаа бүхий л ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, шинийг бүтээдгийг нь “Айрагтай такси”, “Костьюмтай жолооч”-оос харж болно.

Намар, зуны цагтаа айраг зарж, таксинынхаа үйлчлүүлэгчдийг айргаараа дайлдаг тэрбээр өвлийн цагт машин угаалгад ажиллаж, таксинд явах, хүргэлт хийх гэх мэт ажлуудыг хийдэг.

Хоёр жил мөрийтэй тоглоом тоглож, залуу хүний хувьд их хэмжээний өрөнд орж, яахаа мэдэхгүй явахдаа таксинд явж эхэлжээ. Тэрбээр залхуу зангаасаа болж олон удаа алдсан учир одоо алдах эрхгүйгээр бүхий л ажлыг гололгүй хөдөлмөрлөх болно. Миний үеийн залуус, дүү нар минь над шиг битгий алдаасай гэсэндээ энэ ярилцлагыг өгч байна хэмээв.

-Сайн байна уу. Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг Ж.Энхбат гэдэг. Одоогоор машин угаалгад ажиллаж, таксинд явж, хүргэлт хийж байна. Зун, намрын цагтаа айраг хүргэлтээр зардаг.

-Ганган таксины жолооч байна. Яагаад костьюм, цагаан бээлий өмсөж таксинд явах болов?

-Би өөрийн фэйсбүүкдээ рийл хийж оруулдаг. Тэгээд сэтгэгдэл хэсэгт нь Япон улсад таксины жолооч нар нь ингэж хувцасладаг шүү хийгээд үзээрэй гэсэн сэтгэгдэл их байсан. Тэгээд би нээрээ яагаад болохгүй гэж бодоод хэд хоног ингээд явж байна.

-Үйлчлүүлэгч нар нь яаж хүлээж авч байна вэ?

Хүмүүс шууд л ямар гоё юм бэ гэж хэлэхгүй ч сэтгэгдэл нь бол их сайхан байгаа байх. Би машиндаа хуурай, нойтон салфетка, ус, гутал өнгөлөгч, чихэр байршуулсан. Хүссэн хүн нь аваад хэрэглэх боломжтой. Гэхдээ одоогоор санаа зовоод ч юм уу бүтэн хэрэглэсэн хүн нэг л байна/инээв/.

Би өөрөө машин угаалгад ажилладаг учраас машин маань байнгын цэвэрхэн байдаг. Цэвэрхэн машинд ямар ч хувцастай суусан халтар болохгүй. Тийм учраас өдөр тутамд таксиндаа костюмтай явахад санаа зовох зүйлгүй байна.

-Танд өөрт чинь ямар байна вэ?

Би арван жилд сурдаг байхаасаа л албаны хувцас их өмсдөг байсан. Ажил мэргэжлээс шалтгаалаад авто угаалгад ажилладаг байхдаа гоё ганган явж чаддаггүй байсан. Багаасаа л оффис ажил хийнэ, хослол өмсдөг хүн болно гэж боддог байсан болохоор өнөөдөр ингээд явах нь надад бол үнэхээр гоё байдаг.

-Үйлчлүүлж байгаа хүмүүсийн хандлага янз янз байдаг байх?

Би машиндаа сууж байгаа хүмүүсээ аль болох тухтай байлгах гэж хичээж байгаа. Үүнд баярлаж, хүндэлдэг хүмүүс байдаг ч сөрөг хандлагатай хүмүүс ч байдаг. Машинд суугаад л электрон тамхи татах, тамхи татах гэх мэт үйлдлүүд гаргадаг. Гэхдээ муугаасаа сайн нь олон байдаг.

Бас миний машиндаа тавьсан үйлчилгээнүүд энгийн таксины л үйлчилгээнд байх ёстой зүйлс гэж боддог учраас илүү үнээр явдаггүй. Зарим хүмүүс миний ус чихэрнээс авахгүй байгаа нь мөнгө нэмж авч магадгүй гэж боддог юм шиг байсан. 

-Цаашдаа өдөр болгон ганган хэвээрэй байх уу?

Яг үнэнээ хэлэхэд би цаашдаа өдөр болгон костюмтай явж чадахгүй байх. Яагаад гэвэл би арван жилээ төгсөхөд нэг хослол авсан, сүүлд нэгийг авсан. Ганцхан цагаан цамцтай. Өдөр таксиндаа явчхаад орой нь цамцаа угаагаад байгаа юм/ инээв/.

-Үеийнхээ залуус, дүү нарт юу гэж хэлж, уриалыг хүсдэг вэ?

Би их сургуульд сурч байхдаа машин угаалгад ажиллаад, цаашлаад машин угаалга ажиллуулаад явж болох юм байна гээд сургуулиа орхичихсон юм. Тухайн үед үеийнхнээсээ түрүүлж мөнгөтэй болоод жоохон ч байсан учир мөрийтэй тоглоомд орж эхэлсэн. Ажил төрөлтэй болохоор надад мөнгө зээлэх хүн ч олон байсан. Тэгж явсаар хоёр жилийн хугацаанд 60-70 сая төгрөгийн өрөнд орчинсон байсан. Гэнэт ухаан ороод их өрөнд орсон хүн юу хийж болох уу, яах уу гэж байхдаа Булган аймгийнхаа брэнд болсон айраг заръя гэж шийдсэн. Тэр үед миний фэйсбүүкийн найзууд маш их дэмжиж өрөө багасгасан. Түүнээс хойш дахиж мөрийтэй тоглоогүй, хийж болох бүхий л ажлыг хийж энэ жил бүх өрөө дарсан.

Энэ жил 27 нас хүрч бүхнийг ухаарч, амар хялбар аргаар мөнгө олохгүй юм байна, хөдөлмөрлөх ёстой юм байна гэдгийг оройдоо ортол ухаарч байна даа.

Залуусдаа хандаж хэлэхэд зүтгээрэй л гэж хэлмээр байна

-Ярилцсанд баярлалаа  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна