Ангийнхаа охиныг бүлэглэн хүчирхийлсэн СУИС-ын оюутнуудад холбогдох хэрэгт хамаарах нотлох баримтууд бүрджээ

Х.Батсайхан
1 цаг 54 минутын өмнө

СУИС-ын харъяа сургуулийн нэг ангийн оюутнууд нэгнээ бүлэглэн хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсан талаар хохирогч өөрөө "шүгэл үлээсэн" билээ. Тэрбээр хуулийн байгууллага хэргийг шийдэх тал дээр ахиц гаргасан талаар мэдэгдэл гаргасныг хүргэж байна.  

МЭДЭГДЭЛ

Миний бие 2011 оны 12 дугаар сард СУИС-д хамтдаа суралцаж байсан ангийнхаа хүүхдүүдэд дээрэлхүүлж, улмаар бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байсан. Тухайн үед би айдас, тэдний ичгүүргүй үйлдэл, сэтгэлзүйн дарамтаас болж энэ талаар олон жилийн турш дуугүй явж, үе тэнгийнхэн болон ойр орчны хүмүүсийн үл ойлголцол, гадуурхалтыг ч даван туулж амьдарсан.

Удаан хугацаанд сэтгэл зүйн хүнд дарамттай явсны улмаас би сэтгэл заслын эмчилгээ авч, 6 сарын турш мэргэжлийн сэтгэл засалд хамрагдсан. Ингэснээр өөрийн дотор байсан айдас, шаналлыг даван туулах, болсон явдлын талаар ил тод ярьж, хууль хяналтын байгууллагад хандах зоригийг өөртөө бий болгож чадсан.
Ингээд 2020 оны 12 дугаар сараас эхлэн цагдаагийн байгууллагад хандаж, болсон хэргийн талаар мэдүүлэг өгч, хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явагдсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй, хэрэгсэхгүй болсоор байсан тул TOVCH.mn-д хандаж зориг гарган ярилцлага өгснөөр өмгөөлөгчтэй болж дахин гомдол гаргаснаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэх болсон.
Энэ хугацаанд хэргийг шалгах явцад шаардлагатай бүхий л нотлох баримтуудыг дахин гарган өгч, мөрдөн шалгах ажиллагаанд өөрийн зүгээс шалтгаалах бүх зүйл дээр бүрэн хамтран ажиллалаа. Мөн шинжээчийн дүгнэлтүүд гарч, тухайн хэрэг бодитой болсон, миний сэтгэл зүйд ноцтой хохирол учирсан болохыг тогтоож, сэтгэцэд учирсан гэм хорын дүгнэлт ч гарлаа. Мөн СЭМҮТ-ын №234 тоот дүгнэлтээр Бодит байдал, хэрэг учралын талаар "Үнэн зөв мэдүүлэх чадвартай", хэрэг болсноос хойш сэтгэл зүйн хямралд орж улмаар сэтгэл зүйн олдмол эмгэг үүссэн гэсэн дүгнэлт гарсантай өнөөдөр танилцаж гарын үсгээ зурлаа. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж эхэлсэн цаг хугацаанд гэрч, Цагдаагийн байгууллагын гэрч, хохирогчийг хамгаалах байранд хамгаалалтанд байсан бөгөөд энэ хугацаанд мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах үүднээс өмгөөлөгч маань бодит үнэнийг тогтоохын төлөө тууштай ажилласан. Мөн миний хайртай муурнуудыг сайтар халамжилж байсан Муурны өдөр өнжүүлэх төв болон Гэрч хохирогчийг хамгаалах албаны хамт олонд, Түр хамгаалах байрны хамт олонд дахин талархаж байгаагаа илэрхийлье.
Энэ хүнд хэцүү цаг үед надад хууль зүйн туслалцаа үзүүлж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн хамт байсан өмгөөлөгч Р.Булгамаа, З.Долгор нартаа, мөн шөнө орой болсон байсан ч мөрдөн байцаах албанд гүйгээд ирж байсан өмгөөлөгч, бүхий л талаар дэмжин тусласан tovch.mn сайтын захирал Т.Оюумаа эгч, Товчийн хамт олонд баярлалаа.

Мөн эмэгтэйчүүд, охидын эрхийг хамгаалах, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөж ирсэн сэтгүүлчид, олон нийтийн зүтгэлтнүүд, хүний эрхийн төлөө тэмцэгчид болон намайг дэмжиж, хамт байсан бүх хүмүүст гүн талархал илэрхийлж байна.

Хүчирхийлэл хэзээ ч цаг хугацаагаар хэмжигддэггүй. Хүчирхийллийн хохирогч болсон олон мянган охид, эмэгтэйчүүдийн өмнөөс би үнэний төлөө дуугарч, шударга ёсны төлөө тэмцсээр байх болно. Үнэний төлөө дуугарна гэдэг амар зүйл биш. Гэхдээ чимээгүй байх нь бүр хэцүү байдаг.

Цагдаагийн байгууллагаас холбогдох хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцохоор ажиллаж, хэрэгт хамаарах нотлох баримтууд бүрдсэн талаар мэдээлэл сонссон нь надад итгэл, найдвар өгч байна.

Надад итгэж, дэмжиж, хамт байсан хүн бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна