Өнөөдөр “Монгол цэргийн өдөр” тохиож байна

Zuv.mn
1 цаг 49 минутын өмнө

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны түүхт 105 жилийн ой, Монгол цэргийн өдөр өнөөдөр тохиож байна.  

Ардын хувьсгалын удирдагдын нэг, жанжин Д.Сүхбаатар, дэд жанжин Л.Сумъяа нарын удирдсан ардын журамт цэрэг 1921 оны энэ өдөр Хиагт хотыг чөлөөлсөн бөгөөд ялалтын энэ өдрийг хожим Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсан өдөр хэмээн ёсчлон тэмдэглэх болсон юм.

Ялалтын талаар дэлгэрүүлбэл, МАН 2021 оны гуравдугаар сард байгуулагдаад 6-ных нь өдөр Төв хороо, Цэргийн штабын хамтарсан хурал хийж, Хиагт хотыг чөлөөлөх шийдвэр гаргасан бөгөөд Хүрээн дэхь Ардын түр Засгийн газар Хиагтыг эрхшээж байсан Хятадын цэрэгт үг дуугүй бууж өгөх шаардлагыг нэгэн удаа тавьж, улмаар 17-ны өдөр Албанбулагаас цэрэг хөдөлгөн, 18-ны өдөр Хиагт хотыг чөлөөлжээ.   

Хожим Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин, маршал Х.Чойбалсан Монгол Ардын хувьсгалт цэргийн ойн баярын өдрийн тухай тогтоол гаргах хүсэлт тавьсаны дагуу БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны өдөр хуралдсан 32 дугаар хурлаар Монгол Ардын хувьсгалт цэргийн баярын өдрийг тэмдэглэх тухай хэлэлцэж Монгол Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан гуравдугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр улс нийтээр ёслон тэмдэглэх тогтоол гаргаж, энэ өдрийг цэргийн алба хаагчдын амралтын өдөр болгох болжээ.

2003 оны арванхоёрдугаар сарын 18-нд Монгол Улсын УИХ-аас батлан гаргасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар 3-р сарын 18-ныг “Зэвсэгт хүчний өдөр” хэмээн тэмдэглэх болсон байна. Гэвч энэхүү өдрийг зөвхөн батлан хамгаалах салбарын хэмжээнд тэмдэглэдэг нь зарим талаар учир дутагдалтай юм гэж үзэж батлан хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буй, оруулах, тангараг өргөж цэрэгт алба хаасан, хаах бүх нийтийн баяр болгох үүднээс 2011 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-ийн 5.1.2-ын “Зэвсэгт хүчний өдөр” гэснийг “Монгол цэргийн өдөр” болгон нэмэлт өөрчлөлт оруулжээ.

2021 оны гуравдугаар сарын 18-нд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг үүсгэн байгуулсны 100 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-т зориулан Төв талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, ёслолын буудлага хийсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна