М.Баасанхүү: Хичээсэн хүн бүхний өмнө боломж үргэлж байдаг

Х.Есү
1 цаг 37 минутын өмнө

Бид энэ удаагийн True story ярилцлагын нэвтрүүлэгтээ “Сэц Оюу” боловсролын төвийг үүсгэн байгуулагч М.Баасанхүүг урьж оролцууллаа. Тэрбээр энэхүү боловсролын төвийг үүсгэн байгуулаад 10 жил болжээ.

-Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулаач

-Намайг М.Баасанхүү гэдэг. “Сэц Оюу” боловсролын төвийн үүсгэн байгуулагч. Манай төв энэ жил 10 дахь жилийнхээ ойг тэмдэглэж байгаа. Гадаад хэлний сургалтын төв, Солонгосын их дээд сургуулиудын төлөөлөгчийн газар, орчуулгын товчоо гэсэн үйл ажиллагааг эрхэлдэг байгууллага байгаа.

-Таны бага нас хэрхэн өнгөрч байв. Магадгүй түүнээс үүдээд энэхүү боловсролын төвийг байгуулсан уу?

-Тийм ээ. Анх 16 жилийн өмнө Солонгос руу өөрөө оюутан болж явж байлаа. Тухайн үед ээж маань гэнэтийн шийдвэр гаргаад их сургууль төгсөнгүүт явуулжж байсан. Тэнд очоод бүх юм гэнэтийн, шинэ байсан болохоор шантарч эхэлсэн. Оройн цагаар хэвлэх үйлдвэрт ажиллаад өглөө нь хичээлдээ явдаг байсан. Монголд байхдаа ажил ч хийж үзээгүй басйан болохоор очоод их шантарсан.

Нэг өдөр гэр рүүгээ залгаад буцмаар байна гээд хэлсэн. Манай ээж, аав тухайн үед намайг Солонгос явуулахдаа хашаа байшингаа барьцаанд тавьчихсан байсан. Буцмаар байна гээд хэлсэн чинь ээж маань “Буц буц. Чи харин өрөө төлчхөөд ирээрэй” гэсэн. Тэгэж хэлэхэд нь ээжийгээ ямар хатуу сэтгэлтэй юм бэ гэж бодоод заавал өрийг нь төлчхөөд очно доо гэж бодсон.

Тэр зээлээ төлөх гэсээр байтал хоёр жил болсон. Хэлний бэлтгэлээ төгссөний дараа визээ дагаад магистрт сурах шаардлага гараад, ажиллангаа сураад машинтай болсон. За тэгээд машинтай дипломтой болчихсон юм чинь явъя даа гэж бодож байгаа нөхөртэйгөө танилцсан. Бид хоёр хүүхэдтэй болчхоод байрны урдчилгаатай болно гэж бодоод нэг мэдэхэд найман жил болчихсон байсан.

Эргээд харахад өрөө дарчихсан, дипломтой, нөхөртэй, хүүхэдтэй, байртай, машинтай болчихсон байсан. Миний амьдралын хамгийн аз жаргалтай, завгүй, хүнд хэцүү, чухал цаг мөчүүд минь л тэнд болж өнгөрсөн.

Хүүхдүүд гадаад сурах гэхээр залилуулдаг асуудал зөндөө гардаг шүү дээ. Миний үед ч тийм байсан намайг төгсөөд ирэхэд ч тийм байсан. Тийм болохоор нэг ч гэсэн Монгол хүүхэд найдвартай газраар үйлчлүүлээд мөрөөдөлдөө хүрэх сургуульдаа сураасай гэж бодсондоо сургалтын төвөө нээж байсан юм.

Боловсролын салбарынхан Монголын хүүхэд залуучуудад жоохон ч гэсэн хайртай байгаасай гэж боддог.

-Солонгост байх хугацаанд шантраад ганцаараа уйлж байсан удаа бий юу?

-Байлгүй яах вэ. Би өөрөө ажил хийгээд сургалтынхаа төлбөрийг олоод сурсан хүн шүү дээ. Нэг удаа хэлний бэлтгэлээ төгсөөд сертификатаа аваад явж байгаад метронд алга болгочихсон юм. Хүүхэд байсан болохоор дахиж түүнийгээ авч чадахгүй гэж бодоод, ийм их хөдөлмөрлөж байж авсан байж одоо яана аа гэж бодож нүдээ бүлцийтэл зөндөө уйлсан. Буцаад сургууль дээрээ ирсэн чинь багш нар маань гайхаад, дахиж хэвлэж өгч байсан. Тэр үед л би ийм азгүй байх юм уу гэж бодож билээ.

Солонгост гадаад хүмүүс гэхээсээ илүү элэг нэгтэй Монголчууд маань бие биедээ их муухай ханддаг. Элдвээр хэлж, хуурдаг байсан. Надад ч тийм зүйл олон тохиолдож байсан. Шантарч байсан үеүдээ бодохоор шарандаа л туулсан байх даа гэж бодогддог.

Солонгост сурахаар явсан хүүхэд цагийн ажил хийнэ, хажуугаар нь сурна. Ерөөсөө энэ хоёр сонголтын л дунд байдаг. Аль алийг нь хослуулаад явна даа гэж өөрсдөө их боддог. Гэхдээ сурах гэж очсон бол тэр зүйлдээ л цагаа их зарцуулаасай гэж боддог.

-Танай байгууллагын онцлог давуу тал юу вэ?

-Манай байгууллага зөвхөн Солонгос руу зуучилдаг. Солонгосын төдийгүй, дэлхийн топ 100 сургуульд ордог сургуулиудтай бид хамтарч ажилладаг. Бид цогц үйлчилгээтэй. Тэр нь юу вэ гэхээр бид зөвхөн Солонгосын сургуультай холбоод зуучлаад өнгөрөх биш, өмнөх болон дараах зүйлсэд нь ч анхаардаг.

Хүүхдүүд эхнээсээ сурах мэргэжлээ эрт сонгоод Солонгос явахаар шийдсэн бол 10-р ангиас нь Солонгос хэлээ зааж эхлээд хэлний дээд оноотой болгочихвол шууд бакалаврт дөрвөн жилийн тэтгэлгээр явуулах зорилготой ажиллаад байгаа юм.

Хоёрдугаарт мэргэжил сонголт дээр нь нөлөөлж оролцъё гэж бодсон. Анхнаасаа мэргэжлээ зөв сонгохгүй бол очоод шантрах тохиолдол их байдаг. Эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд хүүхдэдээ хайртай байгаач ээ, сургалтын төлбөрийг нь төлөөд явуулж байгаагаа хайр гэж битгий эндүүрээрэй. Эцэг эхчүүд маань энэ хүн өөрийнхөө амьдралыг өөрөө л мэдэх юм аа гэж хэлээд мэргэжил сонголтод нь оролцохгүй байх асуудлуул зөндөө байна.

-Танай боловсролын төвөөс боловсролын экспо зохион байгуулах гэж байгаа гэж сонссон. Үүний талаар мэдээлэл өгөөч?

-Тухайн боловсролын экспогоор 10 гаруй их сургууль ирж оролцоно. Манай хамтарч ажилладаг гэрээтэй 50 сургуулийн танилцуулга явагдана. Экспо маань дөрөвдүгээр сарын 3,4,5-нд Улаанбаатар галерейд зохион байгуулагдана. Намрын элсэлт бүртгүүлсэн хүүхэд бүрд Үнэгүй нислэгийн тийз бэлэглэнэ, бакалавр / Магистрт суралцахаар бүртгүүлсэн элсэгчдэд 30–100% зуучлалын тэтгэлэг, Сэц Оюу Академи сургалтын 20–100% тэтгэлэг, БНСУ-ын их сургуулиуд 20–100% сургалтын төлбөрийн тэтгэлэг гээд олон төрлийн хөнгөлөлт мэдээллүүдийг үнэ төлбөргүй авч болно. Мөн бидний хамтран ажилладаг байгууллагууд зээлээр сургах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байгаа.

-Ярилцлагынхаа төгсгөлд та хүүхдүүдэд хандаж юу гэж хэлэх вэ?

-Мэргэжлээ зөв сонгосон л бол амьдралынхаа түлхүүрийг атгачихсан гэсэн үг юм. Амьдралынхаа алтан түлхүүрийг зөв сонгож чадсан хүн л амжилттай аз жаргалтай сайхан амьдарна шүү дээ. Хүний амьдралын алтан түлхүүрийг эрж хайж ололцох энэ сонирхолтой гайхамшигтай ажлыг хийдэг болохоор бид энэ ажилдаа их дуртай байдаг. Манайхыг зориод ирэх юм бол бид чин сэтгээлээсээ туслах болно.

Хичээсэн хүн бүхний өмнө боломж үргэлж байдаг шүү. Та бүхэндээ амжилт хүсье. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна