Та өөрөө ч мэдэлгүй картын мэдээллээ алдсан юм биш биз?

Х.Есү
1 цаг 39 минутын өмнө

Сүүлийн үед анхаарал татахуйц өндөр шагнал, урамшуулал амласан хуурамч пост болон мессеж илгээх замаар иргэдийн дансны болон картын мэдээллийг олж авах зорилготой залилан ихсээд байгаа билээ. Иймд  картын аюулгүй байдлаа хангаж, хувийн мэдээллээ бусдад өгөхгүй, анхаарал болгоомжтой байхыг иргэд, харилцагчдад сэрэмжлүүлж байна.

Картын мэдээлэл алдагдсан тохиолдолд зөвшөөрөлгүй гүйлгээ хийгдэж, санхүүгийн хохирол амсах эрсдэл үүсдэг. Иймд дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөж байна.

  • Картын нууц мэдээллээ хэнд ч дамжуулахгүй байх (Үүнд: Картын 16 оронтой дугаар, CVV код, хүчинтэй хугацаа, PIN болон E-PIN код),
  • Khan Bank аппликэйшнээр “Ухаалаг мэдээ” үйлчилгээг идэвхжүүлж, гүйлгээгээ тогтмол хянах,
  • Картын мэдээллээ баталгаагүй вэбсайт, аппликэйшнд холбохгүй байх,
  • Ашигладаггүй subscription (давтамжит төлбөр)-уудаа тогтмол шалгаж, шаардлагагүйг нь цуцлах,
  • Утсандаа биометр тохиргоо хийж (fingerprint, Face ID) хамгаалах,
  • Чаат болон мессэжээр ирсэн сэжигтэй линк дээр дарахгүй, хариу үйлдэл үзүүлэхгүй байх.

Хэрэв таны картын мэдээлэл алдагдсан эсвэл сэжигтэй гүйлгээ илэрсэн тохиолдолд нэн даруй Khan Bank аппликэйшнийхээ “Карт > Дебит/Кредит карт” цэс рүү хандаж, картын жагсаалтаас картаа сонгон тохиргоо цэснээс “Төлөв өөрчлөх” товч дээр дарж, картаа идэвхгүй болгоорой. Үүний дараа та Khan Bank аппликэйшнээрээ картаа шинээр захиалж, үнэ төлбөргүй хүргүүлэн авах боломжтой. Энэ аргыг зөвхөн картаа гээсэн тохиолдолд төдийгүй картын мэдээллээ бусдад алдсан байж болзошгүй нөхцөлд мөн ашиглах боломжтой.

Мөн ташрамд дурдахад, зөвшөөрөлгүй гүйлгээ гарсан гэх гомдлын тодорхой хэсэг нь ухаалаг утсаараа онлайн худалдан авалт хийх үед автоматаар төлбөр татдаг “subscription” үйлчилгээ идэвхжүүлсэнтэй холбоотой байдаг. Иймд худалдан авалт хийсний дараа автоматаар төлбөр татдаг тухайн үйлчилгээг даруй цуцалж хэвшихийг зөвлөж байна.

Иргэн бүр өөрийн санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалах нь хамгийн чухал бөгөөд мэдээллийн нууцлалыг чанд хадгалах нь аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үндсэн алхам юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна