"Зэс эрдэнийн хувь" ХХК Эрдэнэт УБҮ-ийн технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглаж үйл ажиллагаа явуулдаг. Эзэмшигчид нь чухамдаа нутгийн иргэд байсан учраас л "Эрдэнэт" УБҮ-ээс овоолго ашиглах зөвшөөрөл авч чадсан гэдгийг бүгд мэднэ. Гэтэл 16 жилийн өмнө "Эрдэнэтчүүд Эрдэнтийнхээ баялгаас хувь хүртэх ёстой" гэсэн тэр философи алдагдаж, иргэдийнх нь эрх гудамжинд гарчихсан, 70 тэрбумын хохиролтой гэмт хэрэг яригдаж байхад хуулийн байгууллага хуруугаа ч хөдөлгөхгүй, төрийн өндөр албан тушаалтнууд хүртэл "Хоёр хүний хооронд болж байгаа улс төрийн зодоон" гэж харж байгаа нь харамсалтай.
“Зэс Эрдэнийн Хувь” Хувьцаат Компани нь 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хягзаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 24552 хувьцаа эзэмшигчтэй, жилд 10 мянган тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр юм.
Гэвч Эрдэнэтчүүдийн хөрөнгө оруулж, өөрсдөө ашиг хүртэх боломжтой анхны гэж хэлж болох уг компанийн үйл ажиллагаа доголдож, хувьцаа эзэмшигч иргэд ногдол ашиг авах боломжгүй, мөн тус компанийн 700 гаруй ажилчид цалингаа авч чадахгүй нөхцөл байдалд хүрсэн талаар хувьцаа эзэмшигчид мэдээлсэн.
“Зэс-Эрдэнийн хувь” ХХК санхүүгийн алдагдалд орж, олон мянган хохирсон асуудлын гол буруутныг Энхтайвны Батбаяр гэж хувьцаа эзэмшигчил баримт гарган мэдээлж буй.
Э.Батбаярын хамаарал бүхий "Би Эй Ти Девелопмент Партнерс" компаниар дамжуулан зэс борлуулж, зардлын нэрээр нийт борлуулалтын дөрөвний нэгийг буюу 70 орчим тэрбум төгрөгийг шамшигдуулсан гэж тэд үзэж байна.
Үүнээс зөвхөн НӨАТ-ын нэрээр гаргасан 30.6 тэрбум төгрөгийг компанийн дансанд буцаан төвлөрүүлж, хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр олгохыг шаардаж байгаа юм.
Э.Батбаяр Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн төрсөн дүү бөгөөд холбоо хамаарал бүхий хүмүүс хамтран компанийг хохироосон гэж үзэж байгаа аж. Мөн Э.Батбаярыг компаниас залилсан хөрөнгийг төрсөн ахынхаа сонгуулийн ажилд зарцуулсан байж болзошгүй гэж хардаж байгаагаа хэлсэн.
Улмаар хувьцаа эзэмшигчид Э.Бат-Амгалан сайд болон түүний төрсөн дүү Э.Батбаяр нарыг АТГ-т шалгуулахаар хоёрдугаар сарын 13-нд хандсан байдаг.
Гэвч хуулийн байгууллага уг асуудалд анхаарч, шалгалгүй, ямар нэгэн хариу мэдээлэл өгөөгүй.
Гуравдугаар сарын 09-ны өдөр "Зэс эрдэнийн хувь" компанийн хувьцаа эзэмшигчид Барилга хот байгуулалтын яамны гадна жагсаж, Э.Бат-Амгалан сайдтай уулзахыг шаардсан. Маргаашнаас нь буюу гуравдугаар сарын 10-ны өдрөөс таван иргэн өлсгөлөн зарлаж, компанийг хохиролгйү болгохыг шаардсан.
Уг асуудлаар Э.Бат-Амгалан сайд хувьцаа эзэмшигчидтэй уулзаагүй. Харин хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би тус компанийн асуудалд холбоогүй. Манай дүү насанд хүрсэн хүн юу хийж явааг нь хянах боломжгүй. Улс төрийн захиалгаар над руу чиглэсэн жагсаал болж байна" гэх тайлбар өгсөн байдаг.
Улмаар хувьцаа эзэмшигчид хэн нэгний захиалгаар жагсаагүй, 15 жил амьдралаа зориулсан компанийн эрх ашгийнхаа төлөө тэмцэж буйгаа илэрхийлэн хувьцаа эзэмшдэг гэх баримт бичгээ барин Төрийн орны гадна өнгөрсөн долоо хоногийн даваа гараг/2026.03.16/-аас эхлэн жагссан.
Өнөөдрийг хүртэл 14 хоног жагсаж буй компанийн ажилчид, хувьцаа эзэмшигчдийн асуудлыг анхаарахгүй байгаа тул Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид хандан иргэдийг хохироосон, эрх ашгийнхаа төлөө дуугарсан иргэдийг хөлсний жагсагч гэж дорожилсонд эгдүүцэн Э.Бат-Амгалан сайдад хариуцлага тооцохыг шаардаж байгаа юм.
24 мянган иргэний эрх хөндөгдсөн тус компанийн асуудлыг хэн нэгэн хүмүүсийн улс төрийн зодоон гэж харахаас илүү тус компанид гарсан хууль бус үйлдлүүдийг хууль, хяналтын байгууллага шалгаж, мухарлах учиртай.
Хэрэв тус асуудалд ямар нэгэн хариу, явц гарахгүй бол хувьцаа эзэмшигчдээс 30 гаруй нь дахин нойтон өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдээд байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна