Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, цаг үеийн асуудлуудын талаар өнөөдөр /2026.03.24/ мэдээлэл хийлээ.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр "Засгийн газраас үүсэж болзошгүй эрсдэлийг хохирол багатай даван туулах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх чиглэлээр авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг гарган ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ хэлбэлзэж, байгалийн хийн үнэ хоёр дахин өсөөд байна. Ойрх Дорнодын бүс нутгаас БНХАУ-ын импортолдог газрын тос, метанол, бордооны түүхий эд болох хүхрийн нийлүүлэлт тасалдаж байгаа нь манай улсын барилга, хөдөө аж ахуйн салбарт импортоор дамжсан үнийн өсөлт авчрах эрсдэлтэй.
Шатахууны нөөц өнөөдрийн байдлаар АИ-92 шатахуун 41 хоног, дизель түлш 28 хоног, онгоцны түлш 21 хоногийн нөөцтэй байна.
АИ-92 шатахууны үнэ тогтвортой байх хэлэлцээрийн дүнд ирэх долдугаар сар хүртэл тогтвортой барих боломжтой байгаа. Харин бусад шатахуун болон дизель түлшний үнэ дэлхийн зах зээл дээрх үнийг дагаж хэлбэлзэх төлөвтэй байна.
Шатахууны үнийн зөвлөл өнөөдөр хуралдан эдийн засаг, иргэдийн амьдралд дарамт бага учруулахаар хэлэлцэн шийдвэрлэхээр болсон. Урьдчилсан тооцооллоор шатахууны үнэ 300 төгрөгөөс ихгүй үнээр нэмэгдэхээр байна.
Нийлүүлэлтийн хувьд бусад улсыг бодвол манай улс хил орчмын бүсээсээ импорт авдаг тул асуудал харьцангуй бага байгаа.
Засгийн газраас Ковидын үеийн хуультай ижил төстэй, хямралын үед шуурхай шийдвэр гаргах боломжийг олгох "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх тусгай хууль"-ийн төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна.
Энэхүү хууль батлагдсанаар төсвийн ерөнхийлөн захирагч нар хооронд хөрөнгө шилжүүлэх, стратегийн бараа бүтээгдэхүүний гааль, НӨАТ-ыг чөлөөлөх, төсвийн хэмнэлтийн онцгой горим тогтоох зэрэг зохицуулалтыг хурдтай хийх эрх зүйн орчин бүрдэх юм.
Хүнс, эмийн хангамжийн хувьд нөхцөл байдал харьцангуй тогтвортой байна. Дотоодын хүнсний үйлдвэрлэл сэргэж, стратегийн гол нэрийн бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа төдийгүй эмийн нөөцийг нэг жилийн хэрэглээгээр бүрдүүлсэн.
Засгийн газар гадаад орчны тодорхойгүй байдалд бэлэн байж, иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагааг дэмжих чиглэлд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна