О.Саранчулуун: Бүх дээрэлхэлтийн 90 хувь нь ялгаварлан гадуурхалтын сэдлээс үүсдэг

Х.Есү
1 цаг 36 минутын өмнө

УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай улс төр болоод цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хаврын чуулган эхэлсэн. Ажил хэр байна?

-Ажил бужигнаж байна. Ажлын хэсгүүд болон байнгын хорооны хурал эхэлж байна.

-Хаврын чуулган нээлтээ хийсэн ч хуралдаж чадахгүй нөхцөл байдалтай байна. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Чуулган нээхэд би эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авчихсан байсан. Нөгөө талаас Ардчилсан намаас бойкот хийж байгаа гэж ойлгосон. Дээрээс нь маш олон гишүүд хөдөө гадаа томилолттой явж байгаа юм байна лээ. Энэ хавар ярилцах асуудлыг их байгаа. Аль болох чуулгандаа оролцоод асуудлаа ярилцаад явах ёстой л гэсэн байр суурьтай байна.

-АН-ын зүгээс намын дарга хүн УИХ-ын дарга байж болохгүй гэдэг байр суурийг илэрхийлсээр байна.  Таны хувьд үүнийг хэр зөв шаардлага гэж үзэж байна вэ?

-Сөрөг хүчин өөрсдийнхөө хувьд зөв гэж үзээд шаардлагаа тавьж байгаа байх. Тиймээс би тэдний шаардлагыг зөв буруу гэж дүгнэх нь зохисгүй байх.

-МАН-ын зарим гишүүд тодорхойгүй шалтгаанаар чуулгандаа суухгүй байна. Үүнээс харахад МАН-ын дотоод хагарал хэвээрээ байна уу гэж харагдаж байна. Та дотор нь байгаа гишүүний хувьд үүнийг юу гэж харж байна вэ?

-Улс төрийн хувьд хагарал хуваагдал богино хугацаанд гал аваад л буураад л явж байна. Үүний үр дүнд Засаг маш тогтворгүй болж байна. Энэ байдлаас хамгийн их хохирч байгаа нь иргэд. Ер нь аль ч нам засаг хоорондоо дайтах болгонд иргэд хохирч байгаа учраас ажил хэрэгч байгаасай гэж бодож байна. Төр засгийн бодлого үргэлжилж байх ёстой. Энэ шаардлага маань хэвэндээ байгаа. Иргэдийг бодох хэрэгтэй.

-Том гэрээ хэлцэл, хуулиудын хэлэлцэх энэ цаг хугацаанд Засаг тогтвортой байх ёстой гэж та бодож байна уу?

-Аль ч улс орны төр засаг өөрөө тогтвортой байх ёстой. Тогтвортой байх шинжээ хадгалж чадаагүй болохоор хоорондын маргаан үүсдэг юм уу гэж харж байна. Нэгэнт Засгийн газар энэ ажлыг хийнэ ээ гэсэн бол ажлаа хийх ёстой. Тамын тойрог шиг л болчхоод байна.

-Сүүлийн үед үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал их гардаг боллоо. Үүний учир шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Бусдыг дээрэлхэх дарамтлах, хүчирхийлэл үйлдэх гэх мэт том жижиг бүх үйлдлээ дээрэлхэлт гэдэг нэг тогоо руу хийчхээд байгаа юм. Ямар үед нь анхааруулга, бага дээр нь хэрхэн таслан зогсоох вэ гэдэг төлөвлөгөө манайд байдаггүй. Бүр зодож нүдээд, хүний амь нас эрсэдсний дараа үйлчилдэг хуультай. Түүнээс наана олон шинж тэмдэг илрээд байхад арга хэмжээ авдаг тогтолцоо бага.

Энэ асуудал дээр урдчилсан сэргийлэлт ярих гэхээр хувь хүний ёс суртахууны л асуудал шүү дээ гээд орхичихсон. Хэрэг гарах тоолонд төсөв ярина гэдэг бол хэзээ ч засрахгүй тогтолцоо.

УИХ-д нь хүртэл ялгаварлан гадуурхалт байхад үе тэнгийн дээрэлхэлт бол бидний байгаа байдлын л тусгал. Гэхдээ энэ мөсөн уулыг нураах ёстой. Би өөр дээрээ жишээ авъя. “Нөгөө л нэг мэдрэл тэнэг гар чинь дандаа л хөгжлийн бэрхшээлтэй хүний идэж уух юмны тухай ярьдаг” гэж нэг гишүүн хэлсэн. Яагаад ингэж байгаа юм бэ гэхээр сүртэй юм бэ гэдэг хандлага илрээд байгаа юм. Одооноос л бид урдчилан сэргийлэх ёстой. 

Бүх дээрэлхэлтийн 90 хувь нь ялгаварлан гадуурхалтын сэдэл дээр байгаа. Хүмүүс өөрөөс нь өөр байсны төлөө, өөрт нь таалагдаагүй хүнийг дээрэлхдэг. Тиймээс ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх тухай хуулийн төслийг өргөн барина. 

-УИХ-ын болоход таны анх төсөөлснөөс хэр байв?

-Төр засагт ажиллаж байгаа ихэнх хүмүүс иргэдийн хүсэж байгаа мэдээллийг өгдөггүй юм байна. Чуулган дээр нэг гишүүнээс асуулт асуухаар урд нь хэрэгтэй хэрэггүй баахан зүйл яриад хамаг цагаа авчихдаг. Чуулганы үйл ажиллагаа гишүүдээс асуулт асуух байдал ер нь иймэрхүү л өнгөрдөг. 

Гол асуудал нь иргэд л маш ихээр хохирч байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна