Open mic-т оролцож өөрийн өвөрмөц хоолойгоороо бусдыг байлдан дагуулсан Увс аймгийн Өмнөговь сумын нэгдүгээр сургуулийн 11-р ангийн сурагч М.Сумъяатай ярилцлаа.
-Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулаарай.
-Сайн байна уу? Намайг М.Сумъяа гэдэг. Би Увс аймгийн Өмнөговь сумын Монгол Улсын гавъяат эдийн засагт Э.Бямбажавын нэгдүгээр сургуулийн 11-р ангид сурдаг.
-Хотод хэзээ ирсэн бэ? Open mic-т л оролцох гэж зорьж ирсэн үү?
-Үгүй ээ. Би 14 хоногийнхоо амралтын хугацаанд гэртээ зүгээр сууж байхын оронд ажил хийе гэж болоод аав ээжтэйгээ зөвшилцөөд хотод ирсэн. Энд ирээд байшин барих ажилд нь тусалж ажиллаж байгаа. Авсан цалингаа их сургуулийнхаа төлбөрт хадгална гэж бодож байгаа. Хүн ер нь хичээвэл ер нь амжилтад хүрч чадна. Би энэ үгэнд маш дуртай. Өдөр болгон л хөдөлмөрлөхийг хичээдэг.
Даргаасаа чөлөө аваад Open mic-т оролцсон. Эхлээд олон хүний өмнө дуулахад их сандарсан. Би өөрөө The HU хамтлагийг шүтдэг болохоороо дууг нь сонгож дуулсан.
-Гэрийнхэн нь бичлэгийг нь үзсэн байх. Юу гэж байна?
-Цацагдсан бичлэгийг ээж маань үзсэн байсан. Их сэтгэл нь хөөрчихсөн залгаж байсан. Тэр үед ээжийгээ баярлахыг харах үнэхээр гоё байсан. Жоохон ч гэсэн урам аваад надаар бахархсан байна даа гэсэн сэтгэгдэл төрсөн.
-Дуу дуулахаар чамд ямар санагддаг вэ?
-Би дуу дуулахаар маш их тайвшралыг мэдэрдэг. Манай Увс нутагт язгуур урлаг, өв маань нэн баялаг байдаг. Түүнчлэн миний бие цуур, товшуур гэх зэрэг хөгжмүүдийг суралцаад явж байгаа. Хүүхэд залуучууддаа хандаж хэлэхэд язгуур урлагаа мартаж болохгүй. Энэ сайхан урлагаа бид цааш нь өвлүүлээд явах ёстой гэж боддог.
-Чиний бичлэгийг маш олон хүн үзсэн байсан шүү дээ. Олон сайхан урмын үг хайрласан байсан. Тэр дундаас хамгийн мартагдахгүй байсан сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Биеэ тоож болохгүй шүү. Битгий биеэ тоогоорой гэсэн байсан. Би түүнийг уншаад “би болоогүй шүү, цаашаа явна шүү” гэж өөртөө хэлсэн. Багш маань ч гэсэн олон зүйл захисан. Надад маш гоё сэтгэлийн үгээ бичиж урам хайрласан хүмүүстээ баярлалаа. Итгэлийг нь алдахгүй илүү их хичээнэ ээ.
Мөн төрүүлж өсгөсөн аав ээждээ маш их баярлалаа. Өдий зэрэгтэй явж байгаа нь та хоёрын минь ач шүү. Уурлуулж гомдоож байсан бол уучлаарай. Хүү нь мөрөөдөлдөө хүрэхийн тулд хичээнэ ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна