Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар намын ЕНБД, УИХ-ын дарга хоёрын аль нэгийг авах хүслээ Ц.Нямдоржоор хэлүүлсэн үү

Х.Батсайхан
1 цаг 32 минутын өмнө

Өчигдөр болсон МАН-ын Бага хурлын III хуралдааны үеэр намын ахмад гишүүн, нөлөөтэй кадр Ц.Нямдорж МАН түүхэндээ анх удаа нэг бүрэн эрхийн хугацаандаа хоёр Засгийн газар огцруулж, гурван Засгийн газартай ажиллаж байгаад Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг буруутгаж, хариуцлага тооцох асуудлыг Бага хурлаар ярих ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн билээ.

Түүний энэ санал дэмжигдээгүй буюу өчигдрийн хурлаар Я.Содбаатарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцээгүй. Я.Содбаатарын өөрийнх нь хэлснээр “үзүүр” ч яригдаагүй. Гэхдээ  Ц.Нямдоржийн ярианаас бүхэлдээ Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн байр суурь илэрхийлэгдэж байгааг “уншиж” болохоор байв.

Тухайлбал, тэрбээр намынхаа гал тогоог барьж, эв нэгдлийг хангаж чадаагүй гэж Я.Содбаатарыг буруутгасан. Мөн намын дарга Н.Учрал Ерөнхий сайд болсноор суларч үлдэх УИХ-ын даргын асуудлыг Бага хурлаар ярих ёстой гэдэг байр суурь илэрхийлсэн.

Улмаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай 95 дугаар тогтоолыг баталсан 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн Чуулганыг удирдсан Х.Булгантуяаг Эрүүгийн хэргээр яллах гэж байгаад намынхнаа буруутгасан юм.

Энэ бүхэн хэдий Ц.Нямдоржийн амаар хэлэгдсэн ч намын Их хурлаас хойш буюу Н.Учралыг намын дарга болсноос хойш ялагч талын санаачилгаар өрнөсөн, өрсөлдөгч талаа нухчин дарах хүслээс үүдэлтэй гэж харагдаж буй “МАН-ын зодоон 02”, түүнд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын талынхны шийдвэртэй хариу үйлдэл үзүүлсэн шалтгааныг оновчтой тодорхойлж, , магадгүй энэ байдлаас гарах арга замыг дурдсан анхаарал татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Я.Содбаатарт хариуцлага тооцох, эс бол УИХ-ын даргыг өөрийн талаас томилох, мөн Х.Булгантуяад тулгаад буй Эрүүгийн хэргийг болиулах, цаашид Эрүүгийн хэрэг тулгуулж мэдэх өөрсдийнхнөө өмгөөлөх гэсэн Л.Амарбаясгалан, Д.Амарбаясгалан нарын хүслийг Ц.Нямдорж илэрхийлсэн байж болзошгүй юм.    

Өнөөдөр Чуулган хуралдаж Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлнө. Ингэснээр шинэ УИХ-ын даргын асуудал илүү хүчтэй яригдах бөгөөд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын талаас Ж.Бат-Эрдэнэ, С.Амарсайхан гэсэн хоёр нэр өнгөрсөн өдрүүдэд дурдагдсан юм.   



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.141
    9 минутын өмнө

    Амарсайханд өг гэж бна даа

    Хариулах