УИХ-ын Чуулганы хуралдаан Н.Учралыг Ерөнхий сайдаар томилуулах эсэх асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ө.Шижир "Та сүүлийн нэг жил, есөн сарын хугацаанд гурван удаа сайд, нэг удаа УИХ-ын даргаар ажиллалаа. Одоо Ерөнхий сайд болж байна. Улстөрчийн 30 жилд туулдаг замналыг та нэг жил есөн сард хийсэн. Од нь гийсэн жил болж өнгөрч байна.
Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Үндсэн хуулиараа. Гэтэл Д.Амарбаясгалан, Г.Занданшатар гэдэг хоёр хүн МАН-ын даргад дэвшинэ гэснээс хойш өдрийн хоолоо арай чүү болгож байгаа, үнийн өсөлтөд дарлуулж байгаа, үхрийн мах 30,000 төгрөг болчихсон, худалдаж авч чадахгүй байгаа иргэдэд та бүхэн онц сонирхолтой, гэмт хэргийн олон ангит киног нэг нэг ангиар нь ярьж өгсөн. Нэгнийхээ булайг увайгүй дэлгэсэн, сүрдүүлэг хийсэн.
ЖДҮ сан, 500-900 саяын асуудал яригддаг байсан бол одоо та бүхний гэмт хэрэг сая, сая доллар болж, хүн амины хэрэг ярьдаг боллоо. Арван жил засаглахдаа ингэж задарсан байна, ингэж томорсон байна. Ямар даварчихсан нам юм бэ.
Авлига хулгайтай эвлэрэхгүй гэж МАН-ын дарга нь яриад байдаг, гэтэл нэгнийхээ хэргийг дэлгээд байна. Үүнтэй та хэрхэн тэмцэх вэ, гэмт хэргээ хэрхэн бууруулах вэ" гэж асуусан.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал гишүүний асуултад "Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үүргээ хэрэгжүүлнэ. Улс төрийн эрх мэдлийн хүрээнд ч тэр, захиргааны эрх мэдлийн хүрээнд ч тэр, хэрэгжүүлнэ. Улс төрийн нам ёс зүйтэй, сахилга хариуцлагатай байж төр ёс зүйтэй, хариуцлагатай байна. Намын даргын хувьд Хяналтын хороо, Ес зүйн хороо гээд механизмуудаа ажиллуулж байна. Цаашид гүйцэтгэх засаглалын тэргүүний хувиар гэмт хэрэгтэй тэмцэх ажил үргэлжлэх ёстой.
Гэм буруулгаа тогтоолгох, хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зөв. Авлигатай тэмцэх гэдэг бол зөвхөн хүнтэй тэмцэх асуудал биш. Системтэй тэмцэх асуудал. Авлигатай тэмцэх хамгийн сайн шийдэл бол Дижитал засаглал Хүнээс хамааралгүй шийдвэр гаргах.
Манай Засгийн газрын үед зөвшөөрөл, лицензийг 100 хувь цахимаар олгодог болно. Big data дээр суурилаад хиймэл оюунаар олгох ажлуудыг хийнэ. Авлигыг бууруулахын тулд Шүгэл үлээгчийн хууль, Олборлох салбарын ил тод байдлын тухай хуулийг батлуулна. Иргэний журмаар ял завшаад байгаа байдал буюу нийтийн албан тушаалтны хөрөнгө хураах механизмыг дэмжих ёстой. Эрх чөлөөний дөрвөн зам , дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ. Ажлаа авсныхаа дараа хууль давсан журмуудыг яаралтай цуцална" гэж хариуллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна