Өчигдөрхөн Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Н.Учрал УИХ-ын дарга байхдаа “Төрийн албанд хийж байгаа цомхотгол эзнээ олохгүй байна. Дарга нар бүгд үлдэж зөвхөн жирийн албан хаагчдыг онилж цомхотгосон” гэж мэдэгдэж байсан билээ. Төрд хувалз шиг шигдчихээд сорж амьдардаг дарга нарын гүн шигдсэн хошууг сугалах биш улам ахиулан шигтгэх боломжийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд өөхшүүлдэг нь төрийн цомхотгол хийгээд томилгооны утгыг алдагдуулж байгаа нь үнэн билээ. Тийм ч учраас Н.Учрал Ерөнхий сайд болж, ярьж хэлснээ ажил хэрэг болгох боломжтой болсонтой холбогдуулаад Ховдод болж буй томилгоотой холбоотой хууль зөрчсөн, Засгийн газрын эрх бүхий байгууллагын шаардлагыг үл тоогч Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаатай холоотой мэдээллийг хүргэж байна.
Ховд аймгийн Засаг даргын томилгоогоор Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болсон Х.Баасанхүү гэж бий. Засгийн газрын 487 дугаар тогтоолд зааснаар Засаг даргын Тамгын газрын дарга бол эрхэлсэн түшмэлийн албан тушаал. Харин Төрийн албаны тухай хуулийн 23.2.2-т “эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх...” шаардлага тавьдаг. Гэвч Х.Баасанхүү ахлах түшмэлээр ажиллах нь байтугай төрийн албанд ажиллаж үзсэн эсэх нь эргэлзээтэй.
Төрийн албаны мерит зарчимыг огоорон, аймгийн “тамга барих” болсон ч ганц Тамгын газрын дарга түүнд хангалттай байсангүй. Төрийн захиргаа удирдлагын газрын даргын албыг давхар хашаад бараг хоёр дахь жилийн нүүр үзэх гэж байна. Дарга болох дуртай, дуртай гэхэд хоёр, гурваар нь хашина гэдэг арай даварсан хэрэг биш үү. Эсвэл монголын төр ингэтлээ хүний нөөц, боловсон хүчингүй болчихов уу.
Х.Баасанхүүг 2024.12.24-ний өдрийн Б/189 дугаар тушаалаар Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. Ингэхдээ тус албан тушаалд ажиллаж байсан хүнийг хэмнэлтийн хуулийг зөрчин шинэ орон тоо үүсгээд шилжүүлсэн байдаг. Үүнээс долоохон хоногийн дараа буюу 2025.01.02-ны өдрийн Б/01 дугаар захирамжаар Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр давхар томилсон. Үүрэг гүйцэтгэгчийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон гэсэн үг.
Мань эр яаж дандаа үүрэг гүйцэтгэгчээр ажиллаад байхыг хүсэх вэ. Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн жинхэнэ дарга болохын тулд өөртөө ашиг сонирхолын зөрчилтэй шийдвэр гаргуулан байж Мянгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад оролцож 2025.02.13-ны өдөр сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга болоодохов. ИТХ-ын Нарийн бичгийн дарга болоод ганцхан хоногийн дараа Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд жинхэлсэн түүхтэй. Одоо харин ЗДТГ-ын даргаар жинхэлчих гээд “чичирч” явна. Монгол Улсын баруун бүсийн эдийн засгийн тулгуур төв, 100 мянга орчим хүн амтай Ховд аймгийг ийм хүмүүс удирдаж байгаа нь харамсалтай.
Томилгоо биш хуйвалдаан гэвэл илүү онох энэ үйл явдлыг аймгийн нэр бүхий иргэд эсэргүүцэн Монгол Улсын Ерөнхий сайдад өргөдөл гаргаж, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хяналт шалгалт явуулж Х.Баасанхүүгийн томилгоо хууль бус явагдсан гэж үзжээ. Ингээд Ерөнхий хянан шалгагчийн 2025.03. 21-ний өдрийн 01/19 дугаар бүхий албан шаардлагыг Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаад хүргүүлж зөрчлийг арилган тогтоосон хугацааны дотор хариу ирүүлэхийг тусгасан боловч уг албан шаардлага одоог хүртэл биелэгдсэнгүй. Түүнчлэн Ховд аймгийн Засаг даргын хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын сонгон шалгаруулалтыг зарлах үүрэгтэй Төрийн албаны зөвлөл эс үйлдэхүйгээрээ өөгшүүлсээр өнөөдрийг хүрлээ.
“Хөгжлийг гацаадаг нөхдүүд Ховд аймагт байдаг гэж байна. Ийм хүмүүстэй цаашид хатуу хариуцлага тооцох хэрэгтэй” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч тус аймагт ажиллах үеэр онцолсон гэсэн. Аймаг, орон нутгийн хөгжлийг гацааж байгаа энэ мэт асуудлыг хаа хаанаа анхааралдаа аваасай.




ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна