Авлигачдын "Амь"-ийг атгасан “Бодь”-ийн Д.Баясгаланг хэзээ байцаах вэ

Zuv.mn
1 цаг 51 минутын өмнө

-Б.Энхбаяр, Т.Аюурсайхан, өөр бусад авлигачдыг илрүүлэх эсэхийг тэр шийднэ-

Эхлэлийн оронд эшлэл

УИХ-ын гишүүн Ө.Шижир: ...Г.Занданшатар, Д.Амарбаясгалан гэдэг хүн МАН-ын даргад нэр дэвшсэнээс хойш ...нэгнийхээ хэргийг дэлгээд байна. …Засгийн газар Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэрэгжүүлэх үү?   

Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал:  "Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үүргээ хэрэгжүүлнэ. Улс төрийн эрх мэдлийн хүрээнд ч тэр, захиргааны эрх мэдлийн хүрээнд ч тэр, хэрэгжүүлнэ. 

/УИХ-ын Чуулганы хуралдаан, Төрийн ордон, 2026 оны гуравдугаар сарын 30/

Дээрх эшлэлийг УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдааны үед УИХ-ын гишүүн Ө.Шижир, Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал нарын хооронд өрнөсөн асуулт, хариултаас авсан юм. Цаад агуулга нь “МАН дотроо хагаралдаад олон хэрэг дэлгэлээ, шинэ Засгийн газар байгуулагдаж, нам дотроо эвлэрсэн ч нэгэнтээ олон түмний чинхэнд хүрчихсэн хэргүүдийг илрүүлэх чиглэлд хүчин чармайлт гаргах уу” гэсэн асуулт асууж, Н.Учрал дээрх хэрэгт улстөрчид оролцсоныг хүлээн зөвшөөрч байгаа байдал харагдана.

Шалгаж тогтоох шаардлагатай хамгийн эхний хэрэг нь мэдээж, МАН-ын томчууд “Бодь интернэйшнл” компаниар дамжуулан гадагшлуулж, хувааж авсан гэх 110 сая ам.долларын хэрэг юм.

А.Амундрагийн “Тавантолгой-Гашуунсухайт” төмөр замаас хувь хүртсэн авлигачид “Голомт файнэншл групп”-ын ард нуугдсан” гэх “Шүгэл үлээлт”  

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нүүрсээр бартердаж бариулахдаа эрх баригчид өртөг өсгөх замаар багадаа 110 сая ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрсийг “Бодь интернэйшнл”-ээр ам.доллар болгон угааж хувьдаа завшицгаасан гэх энэхүү хэргийг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ анхлан дэлгэж, холбогдох баримтуудыг АТГ-т хүргүүлсэн байдаг.  

Энэ мөнгөнөөс 1.3 сая ам.доллар нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт, 1.0 сая ам.доллар нь УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд очсон гэдгийг ч тэрбээр тухайн үед олон нийтэд мэдээлсэн.  

Эндээс “Үлдсэн 107.7 сая ам.доллар нь хэнд очсон бэ” гэх асуулт гарсан бөгөөд олж хариуцлага тооцох явдал нийгмийн захиалга болоод байна. Илрүүлэхэд ч амархан. Энэ хэрэгт гэрч бий. “Бодь” группын гүйцэтгэх захирал асан А.Амундра “Би Б.Энхбаярын авлигыг гэрчлэхэд бэлэн байна. Бүх үнэн Голомт файнэншл группын дансны хуулга дээр байгаа” гэж мэдэгдсэн. Түүнчлэн “Голомт файнэншл групп”-ын дансан дээр хэнд, хэдийг өгсөн нь бичээстэй байгаа гэсэн агуулгаар ч мэдэгдэл хийсэн.

Энэ бүх баримтууд хуулийн байгууллагыг “Бодь”-ийн, “Голомтын” гэх нэрээр танигдсан бизнесмэн Д.Баясгалан руу хөтөлж байгаа юм.

“Голомт файнэншл групп”, Голомт банк авлигачдын диваажин болж хувирсан уу   

Оффшор бүс, Швейцарийн банк гэж сонсож дуулаагүй хүн ховор биз. Нэг нь татваргүй бүс, нөгөө нь үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийг чандлан нууцалдгаараа татвараас зугтагч, мөнгө угаагчдын диваажин гэгддэг бүтцүүд.

Тэгвэл “Бодь”-ийн охин компаниуд Монголд нэг иймэрхүү, авлигач улстөрчдөд өгөх мөнгийг угаадаг газар болсон юм биш биз гэсэн хардлага төрж байна. 

10 гаруй жилийн өмнө Ерөнхий прокурор Д.Дорлигжав “Алтандорнодмонгол” ХХК-ийн Т.Ганболдыг сүрдүүлж дөрвөн сая ам.доллар авсан хэрэгт “Голомт” банк холбогдсон. Тухайн үед “Т.Ганболд нь данс андуурч гүйлгээ хийсэн гэдэг хүсэлт өгсөн тул өөрийнх нь данс руу буцаагаад шилжүүлсэн” гэдэг бичиг гаргаж өгсөн асуудал маргаан дагуулж, “Т.Ганболд, Д.Дорлигжавын хэргийн хайныг хагалж чадах ганц хүн нь Д.Баясгалан гэж бичигдэж байлаа. 

Тэгвэл энэ удаад ч адилхан, Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төлбөрөөс 110 сая ам.долларыг авч завшсан хэргийг илчлэх, эсвэл тийм хэрэг огт байгаагүйг батлах гол хүн нь Д.Баясгалан болоод байна. 

Данс хөөхөд л олдох амархан хэрэг, надад гэхдээ хугацаа байгаагүй гэж Б.Энхбаяр ч өөрөө хэлж байсан, дэндүү амархан илрэх хэрэг. Б.Энхбаяр хэдийн сонсголын хугацаанд амжаагүй ч дараа нь дансаа хөөгөөд, илрүүлэх дэндүү том боломжоо ашиглаагүй нь бас үнэн, дэндүү сэжигтэй хэрэг.  

Т.Ганболд, Д.Дорлигжавын “Хэнээс мөнгө гараад, хэнд очсон нь маш тодорхой хэрэг илрэхгүй 10 гаруй жил болсон” түүхийг энэ удаад давтах ёсгүй. Олон нийт АТГ хэзээ Д.Баясгаланг дуудаж мэдүүлэг авахыг хүлээж байна.   

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна