Л.Бадамцэцэг: Томчууд өөрсдөө буруу үлгэр дуурайлал үзүүлснээс болж хүүхдүүд дээрэлхэлт үйлдэж байгаа

Х.Есү
1 цаг 47 минутын өмнө

Инстаграм дагагчаа өсгөх зорилгоор сошиал орчинд нэгнийгээ зодож дээрэлхэж байгаа бичлэгээ тавьж, “од” болох хүсэлтэй өсвөр насны хүүхдүүд олон бий. Үүнээс шалтгаалж үе тэнгийнхний дээрэлхэлт буурахгүй хэвээр байна.

Үүнтэй холбогдуулан ХГБХХЕГ-ын хамгааллын бодлого хэрэгжилтийн газрын дарга Л.Бадамцэцэгтэй ярилцлаа.

Тэрбээр, “Цахим орчинд тарж байгаа бичлэгүүдийг мэдсэн тохиолдолд ЦЕГ рүү мэдээлдэг. ЦЕГ-аас тухайн бичлэгийг устгах арга хэмжээ авдаг.

Үе тэнгийн дээрэлхэлтэд хэзээ ч нэг хүүхэд оролцдоггүй. Түүнийг харж дэмжиж, ажиглаж байгаа олон хүүхдүүд байдаг. Шангрилад болсон дээрэлхэлттэй холбоотой бичлэг цацагдсаны дараагаар 108 утсанд дөрвөн өдөр дараалан өдөрт 10 гаруй үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэж байсан.

Үе тэнгийн дээрэлхэлтийг насаар нь аваад үзвэл 80 хувь нь 12-17 насны хүүхдүүд байна. Хүйсээр нь аваад үзвэл 90 хувь нь эрэгтэй хүүхдүүд эрэгтэй хүүхдээ дээрэлхсэн асуудал байгаа юм.

108 утсанд ирсэн хамгийн их бүртгэгдэж байгаа дуудлага бол гадуурхалт. Өсвөр насны хүүхдүүдийн дунд чат харилцаа маш чухал байна. Өсвөр насныхан гадуурхаж байгаа хүүхдээ нэг чатанд оруулаад л нэг хасаад байдаг. Энэ нь тухайн гадуурхалтад өртөж байгаа хүүхдүүдэд их хүнд цохилт өгдөг. “Би найзууддаа хэрэггүй юм бол яах вэ” гэдэг бодол их төрдөг болчихдог.

Хүүхэд нас гэдэг бол өөрөө гэнэн томоогүй, амьдралыг бүрэн таньж мэдээгүй нас байдаг. Магадгүй өөрийнхөө хийж байгаа үйлдлийг ч зөв бурууг нь мэдэхгүй. Ийм үед тухайн хүүхдийг шууд цахим дээрэлхэлт үйлдсэн гэж хувийн хэрэг дээр нь тэмдэглэж, насан туршид нь амьдралыг нь хар бараан болгож болохгүй. Томчууд өөрсдөө буруу үлгэр дуурайлал үзүүлчхээд хүүхдийн амьдралд насанд туршид нь үлдэх хар толбыг бий болгож болохгүй.

Хүн хэчнээн гэмт хэрэг үйлдсэн ч гэсэн ялтангуудыг чинь тодорхой хугацааны дараа ялыг нь байхгүй болгодог биз дээ. Тиймээс дээрэлхэлт үйлдсэн бол тэмдэглэж үлдээнэ гэдэг зүйлтэй санал нийлэхгүй байна” гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна