Ерөнхийлөгчийн санаачилсан хууль гишүүдийг намнана VS хамгаална

Х.Есү
3 цаг 23 минутын өмнө

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг дэмжих эсэхийг өнгөрсөн долоо хоногийн чуулганаар хэлэлцсэн ч УИХ-ын дарга С.Бямбацогт санал хураалтыг 2026.04.16-ны өдөр болгож хойшлуулсан. Үг хэлж, асуулт асуусан гишүүдийн ихэнх нь хуулийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, уур амьсгал ч сайнгүй байсан нь нөлөөлсөн биз.

Нэмээд шүүмжлэлттэй хандаж, эсрэг байр суурь илэрхийлсэн УИХ-ын гишүүн Б.Жаргаланг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал "Хичээлдээ суугаагүй, хүнээр дүн гуйлгаж тавиулсан. Хичээлээ сонсоогүй учраас энэ хүн Үндсэн хуулийнхаа агуулгыг мэдэхгүй ярьж байна" зэргээр илтэд доромж өнгө аястай зүйлс ярьсан нь гал дээр тос нэмчихлээ. 

УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг дэмжих эсэх асуудлаар УИХ-ын гишүүд ямар байр суурь илэрхийлснийг нэгтгэн хүргэж байна.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Сөрөг хүчнээ намнах эрсдэл энэ хууль дээр нээлттэй харагдаад байгаа

"Ёс зүй гэдэг нэрийн дор сөрөг хүчнээ намнах хууль эрх зүйн орчин бий болчих вий дээ гэсэн том болгоомжлол байна.

Бид өнөөдөр ёс зүй, ёс суртахуун гэдэг хоёр асуудлыг тусад нь авч үзэх ёстой. Ёс зүй гэдэг бол хэм хэмжээ. Ёс суртахуун гэдэг бол хувь хүний төлөвшил. 

Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнууд УИХ-д хүндэтгэлгүй хандаж, шүүмжилж үг хэлсэн Б.Жаргаланг “Хичээлдээ суугаагүй, дүн гуйдаг” гэж доромжиллоо. 

УИХ-ын гишүүдийн дунд дарангуйллын судалгаа хийнэ. Магадгүй өнөөдөр эрх баригч нам энэ хуулийг батлаад, дараа нь сөрөг хүчнээ намнах эрсдэл энэ хууль дээр чинь нээлттэй харагдаад байна шүү дээ.

Өнөөдөр Улс төрийн намын төлөөллийн төв байгууллага нь УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах эрхтэй болох гэж байна. Энэ зарчмын хувьд зөв юм уу. Миний хувьд дэмжихгүй".

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Батлут: Хууль зөрчсөн ёс зүйгүй үйлдлүүд байгаа учраас иргэдийн төрд итгэх итгэл байхгүй болж байна

"Ерөнхийлөгчийн санаачилсан хууль төр, иргэний харилцааг шинэ түвшинд аваачих шийдэл. Ард түмнийхээ итгэлийг авч сонгогдчихоод нэг ч удаа хуралдаа суугаагүй гишүүн байж л байгаа шүү дээ. Ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа ч хүмүүс байна. 

Ёс зүй гэдэг чинь өөрөө нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ шүү дээ. Ийм хууль зөрчсөн ёс зүйгүй зүйлүүд байгаа учраас иргэдийн төрд итгэх итгэл алга болоод байгаа юм. 

Энэ хууль төрийн дархлааг жинхэнэ утгаар нь бий болгох хууль эрх зүйн зохицуулалт гэж харж байгаа. Үүгээрээ хэн нэгнийг яллах гээд байгаа юм биш, өс хонзон авах гээд байгаа юм биш. 

Төрд түмнийг төлөөлж байгаа хүмүүс нь зөв байх зарчмыг л бүрдүүлж өгч байгаа. Эгүүлэн татагдах дөрвөн нөхцөл байдлыг нь тодорхой заагаад өгчихсөн байхад мэдсээр байж түүнд нь бүдрээд унаж байвал ёстой хохино л болно шүү дээ". 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль өргөн барихаасаа хууль зөрчиж байна

"Ёс зүйг хуульчилж болохгүй. Нэг ёсондоо олон нийтийг төөрөгдүүлэх байдлаар парламентын эрхэнд халдаж, дуугүй болгох, дохиураар хөдөлгөх гэж байна. Ийм зүйл рүү орж болохгүй.

Энэ нь алсдаа жижиг намуудад маш хохиролтой. Парламентад олонх байгаа нам нь сөрөг хүчний намуудаа ёс зүйн зөрчил гаргасан гэдэг байдлаар намнах, парламентаас түлхэж гаргах, цаашдаа парламентад хор хөнөөл учруулах үр дагавартай.

Ерөнхийлөгчийн санаачилсан хууль өргөн барихаасаа хууль зөрчиж байна. Алсдаа хойд Солонгос шиг гар өргөөд шийддэг, парламентын ардчилалгүй улс болох аюултай. 

Ер нь ард түмний мандатыг хэн нэгэн булааж авч болохгүй. Парламент гэдэг бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа". 

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: А.Бямбажаргал гэдэг хүн намайг тусгайлан гүтгэж доромжилсон

Чуулганы танхимд хууль санаачлагчийг төлөөлөөд ҮАБЗ-ийн ажлын албаны нарийн бичгийн дарга А.Бямбажаргал гэдэг хүн намайг тусгайлан гүтгэж доромжилсон үйл явдал боллоо. 

Өнгөрсөн хугацаанд энэ хуулийн төслийг хэлэлцэж эхэлснээс хойш гишүүдийн асуудлууд яг энэ мөчөөс эхэллээ харагдаж байна гэж үзэж байна. 

Цаашид УИХ-ын гишүүдийг хувийн зан байдлын талаар хөндлөнгийн этгээдэд энэ мэтээр гүтгэж доромжилж, гишүүдийг айдаст автуулж, парламентын танхимд нээлттэй ил тод байдлаар өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэх боломжгүй байдалд аваачих нөхцөл байдалтай харагдаж байна.

Би энэхүү хуулийг удаа дараа эсэргүүцсэн байр сууриа илэрхийлсэн. А.Бямбажаргал ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээх ёстой.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Энэ хуулийг батлах бүү хэл, хэлэлцэж байгаа нь нүгэл гэж би бодож байна

Дэгийн тухай хуулиар УИХ-д хүндэтгэлтэй хандах ёстой. Хэрвээ энэ хуулийг ажлыг хэсэг зөрчих юм бол хуулийн хариуцлага хүлээх заалттай. Сая дэгийн тухай хуулийн зөрчил явсан. 

Үүнд Улсын их хурлын дарга өөрөө буруутай. Б.Жаргалан гишүүн асуулт асуугаагүй, асуулт асуугаагүй байхад үг хэлүүлсэн. Асуулт асуугаагүй байхад үг хэлэхдээ нэмээд хүн гүтгэж байгаа юм.

Үгэнд ор үгүй бол гишүүнээ хийхээ боль гэдэг хандлага илэрч байна. Тиймээс өнөөдрийн болсон үйл явдалд А.Бямбажаргал болон С.Бямбацогт нар хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Энэ хуулийг батлах бүү хэл, хэлэлцэж байгаа нь нүгэл гэж би бодож байна. 

ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль та бүхнийг намнахгүй, хамгаална

"Ерөнхийлөгчийн санаачилсан хууль төрийг төр шиг, их хурлыг их хурал шиг, УИХ-ын гишүүнийг УИХ-ын гишүүн шиг байгаасай л гэдэг үүднээс хариуцлагажуулах, эзэнжүүлэх, шат дамжлагатах тогтолцоотой байх гэдэг зүйлүүдийг л эрэлхийлж байгаа.

Хамгийн гол нь энэ хуулийг Ерөнхийлөгч өөрөө санаачлаад ажлын хэсэг гаргаад гишүүдэд тулгаж байгаа юм биш. Зөвхөн хуулийн төсөл өргөн барьж, хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Үүнийг хэлэлцэнэ гэж үзэх юм бол өөрсдөө ёс зүй гэж юу болохыг тогтоох ёстой. Зарим УИХ-ын гишүүд битгий ай. Энэ хууль та бүхнийг намнахгүй, хамгаална. 

Хэн нэгнийг хэлмэгдүүлэх гээд байгаа юм биш, хэлэлцүүлэх гээд байгаа юм. Хууль санаачилсаны төлөө ЕТГ-руу битгий дайр. Бүх зүйлийг зогсоох, буруу тийшээ хазайлгаж болохгүй. Үүнийг ашиглаж хэт улстөржүүлж болохгүй. Бид бие биедээ хүндэтгэлтэй хандах ёстой". 

Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг: Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэх гэж байна гэсэн ойлголт үндэслэлгүй

Сүүлийн үед уг хуулийн төсөлтэй холбоотойгоор ташаа ойлголтууд бас гарч байна. Дараах агуулгууд нь хуулийн төсөлд тусгагдаагүй болно.

1. “Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэх гэж байна” гэх ойлголт – ҮНДЭСЛЭЛГҮЙ

Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй.

2. Үндсэн хуулийн цэц гишүүн өөрөө санаачилж “эгүүлэн татах” эрхгүй

Цэц нь зөвхөн Үндсэн хуульд зааснаар гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянаж, дүгнэлт гаргах бүрэн эрхтэй. Цэцэд улс төрийн шийдвэр гаргах, гишүүнийг эгүүлэн татах санал гаргах эрх байхгүй. Харин энэ асуудлыг Улсын Их Хурал 126 гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд олонхийн саналаар шийдвэрлэнэ.

3. Намын дарга дангаараа гишүүн “эгүүлэн татах” эрхгүй

Жагсаалтаар сонгогдсон гишүүний бүрэн эрх нь тухайн гишүүний мандаттай холбоотой бөгөөд намын даргын болон намын эрх барих дээд байгууллага үзэмжээрээ буюу намын ёс зүйн дүрмээр эгүүлэн татах зохицуулалт хуулийн төсөлд байхгүй. Үндсэн хуулиар ч ийм эрх олгогдоогүй. Харин намын дээд байгууллага санал оруулж, УИХ-д нээлттэй хэлэлцүүлэхэд УИХ-ын ёс зүйн дүрмээр авч хэлэлцэхээр тусгагдсан.

Эдгээр агуулгыг хэлэлцэж, засаж сайжруулах эсэх нь Улсын Их Хурал-ын 126 гишүүний онцгой бүрэн эрхийн асуудал юм. Хуулийн төслийн хүрээнд өрнөж буй санал зөрөлдөөн, байр суурийн ялгаа нь хэвийн үзэгдэл төдийгүй, ардчилсан парламентын амин сүнс билээ.

Субьектив хандлагаас илүүтэй, эрүүл, үндэслэлтэй мэтгэлцээн өрнөж, олон ургальч үзэл идэвхтэй илэрч буй нь хуулийн чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой, талархах үйл явдал юм"

АН-ын бүлэг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг дэмжихгүй

УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлэг үзэл баримтлалын хувьд дэмжихгүй. УИХ-ыг дархлаагүй болгох, парламентын тогтолцоо, тусгаар тогтнол, монгол хүний эрх, эрх чөлөөнд ухралт гарч байна.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль батлагдвал ард түмнээс сонгогддог ардчилсан засаглал хэдхэн хүний гарт орно

Монгол улсын төрийг сонгох эрх танд бий. Сонгохгүй байх эрх ч танд бий.

Харамсалтай нь өнөөдөр чуулганаар хэлэлцэх “Гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох” санал хураалт энэ эрхийг та биднээс авч, цөөн хэдэн хүнд өгөхөөр байгаа тул хуулийн төслийг би дэмжихгүй. Ийм агуулгатай хуулийг хэлэлцэх эрх надад ч, УИХ-д ч байхгүй.

Хэрэв энэ хууль батлагдвал ард түмнээс сонгогддог ардчилсан засаглал Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүн болон сонгуулиар олонх болсон намын дарга буюу ердөө аравхан хүний гарт орно.

Түмнээ төлөөлж, төрөө түшиж байгаа хүн тангарагтаа үнэнч байж, ёс зүйтэй байх ёстой. Байж чадахгүй бол та түүнийг дахин сонгохгүй байхад болно. Энэ эрх зөвхөн танд байх ёстой. Өөр хэнд ч энэ эрх байх ёсгүй.

Улс төрч ирнэ. Улс төрч явна. Монголын ардчилал мөнх оршино.

Ганзоригийн Лувсанжамц би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлнэ гэж тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.

Хуулийн төсөлд доорх гурван заалт байгаа нь миний дэмжихгүй шалтгаан болно:

9.1.4. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т зааснаар гишүүн Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд танилцуулсан;

9.1.6. Хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүнийг нэр дэвшүүлсэн намын төлөөллийн төв байгууллага эсхүл эвслийг төлөөлөх байгууллага ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, уг гишүүнийг эгүүлэн татах саналаа Улсын Их Хурлын даргад Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгээр уламжлан өргөн мэдүүлж, Улсын Их Хурал нээлттэй хэлэлцэн, илээр санал хурааж гишүүдийн олонх дэмжсэн;

9.4. Энэ зүйлийн 9.1.6-д заасан үндэслэлтэй холбоотой иргэний гомдлыг Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо урьдчилан хянан үзэж, үндэслэл бүхий гэж үзвэл дэд хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцэж, илээр санал хураан Улсын Их Хурлын гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ"

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Үе үеийн Ерөнхийлөгч нар өөрт байгаа эрх мэдлээ дутуудуулж байсан түүх байхгүй

"Манай улсад "гоё" нэртэй хууль оруулж ирээд, олон нийтийн дунд том хэмжээний сурталчилгаа хийж, түүнийхээ ард өөр зорилго агуулдаг "хуурамч ертөнц" бий болсон байна.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ гэдэг бол эрх мэдлээ маш зөв хуваарилах ёстой институциуд. Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдсон хүний хувьд өөрийн эрх, үүргээ хэрэгжүүлэх ёстой бол УИХ-ын гишүүд ч мөн ард түмнээс олгогдсон бүрэн эрхээ эдлэх ёстой. 

Үе үеийн Ерөнхийлөгч нар өөрт байгаа эрх мэдлээ дутуудуулж байсан түүх байхгүй, харин ч илүүдүүлж ирсэн. Парламентын гишүүнийг эргүүлэн татах асуудалд "ёс зүй" гэх хэмжиж боломгүй субъектив шалгуур тавих нь их том цоорхой үүсгэнэ. 

Тухайлбал, хуралдаандаа огт үг хэлдэггүй ч ирц нь 100 хувь байдаг гишүүн, эсвэл үзэл бодлоо илэрхийлж ширүүн үг хэлсэн гишүүн хоёрын хэнийг нь ёс зүйгүй гэж үзэх вэ гэдэг нь тодорхойгүй юм. Ийм хэмжигдэхүүн байхгүй зүйлээр институцийг хэмжих нь тогтолцоог ганхуулах эрсдэлтэй. 

УИХ-ын гишүүдийн хариуцлагыг сайжруулахын тулд заавал Ерөнхийлөгч оролцох албагүй. Парламент өөрөө ёс зүйн дүрмээ чангатгаж, дотооддоо асуудлаа шийдвэрлэх бүрэн боломжтой. 

Ард түмний амьжиргааг дээшлүүлэх, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, авлигатай бодитой тэмцэх зэрэг улс орны амин чухал асуудлуудыг цаг үеийн шинжтэй улс төрийн шоунаас дээгүүр тавих ёстой".

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль дээр өс хонзон нь дийллээ

"Ерөнхийлөгч парламентад ажлаа тайлагнадаг юм уу, хичээл заадаг юм уу. Парламент, Ерөнхийлөгч хоёрын хэн нь том юм бэ гэдэг зодоон яваад байна. 

Ерөнхийлөгчид таалагдсан бол ёс зүйтэй, таалагдаагүй бол ёс зүйгүй болох юм уу. Ерөнхийлөгчийн санаачилсан хууль дээр өс хонзон нь дийллээ". 

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Ард түмний мандатыг тодорхой бус шалгуураар Цэц хүчингүй болгоод байж болохгүй

"Улсын Их Хурлын гишүүд ёс зүйтэй, хариуцлагатай байх ёстой нь үнэн. Хариуцлагыг хатуу ярьж, бас тэр хариуцлагыг хүлээлгэдэг үр дүнтэй механизм ч байх ёстой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн зарим хэсэгтэй санал нийлж, зарим хэсэгтэй нь санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. 

Гэхдээ хариуцлагын тогтолцоог хийхдээ гуя дагаж хүзүү гэдэг шиг хандаж болохгүй ээ. Ард түмний мандатыг тодорхой бус шалгуураар Үндсэн Хуулийн Цэц хүчингүй болгоод байж болохгүй. 

Үнэхээр парламентын дархлааг сайжруулж, гишүүдээ хариуцлагатай байлгах гэж байгаа бол улс төрийн намуудыг хариуцлагажуулах, дотоод ардчилал, манлайллыг нь нэмэгдүүлэх дээр алхам хийх ёстой.

Сонгуулийг мөнгөний хүчин зүйлээс салгах шаардлагатай. Нэр дэвшиж, сонгогдоод орж ирж байгаа гишүүд нь үүргээ ухамсарладаг, ёс зүй, ёс суртахууны хэмжээгээ мэдэрдэг хүмүүс байх ёстой. Ингэж байж ард түмэн УИХ-ын гишүүдэд улс төрийн хариуцлагыг нь тооцох зөв механизм бүрдэнэ. 

Асуудалд тэр энэ нам, бүлэглэл гэж хандсангүй. Хуулийн зарчмаа барьж хандаж байна. Зарчим зөв бол дэмжээд, шийдэл нь залхуу, углуургаар нь харж чадаагүй тохиолдолд шүүмжилсээр байх болно. 

ТББХ-ны хуралдааны үеэр миний асуултад ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал УИХ-ын гишүүн тангаргаасаа няцсан эсэхийг 1994 оноос хойш Цэц шийдэж ирсэн, 1992 оны Үндсэн хуульд ч байгаа гэж хээвнэг хариулсан билээ.

Гэтэл 1992 оны Үндсэн хуульд УИХ-ын гишүүн тангаргаасаа няцсан талаар заалт байгаагүй, энэ заалт 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр орж ирсэн, 1994 оны Цэцийн дүгнэлт нь үүнтэй огт хамааралгүй гэдгийг, УИХ-ын гишүүн давхар ажил эрхэлсэн нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар л дүгнэлт гарч байсныг өнөөдрийн УИХ-ын чуулган дээр түүнд сануулсан.

УИХ-д энэ мэтээр илт худал хариулт, мэдээлэл өгч байгаа А.Бямбажаргал өөрөө ёс зүйтэй юу. Энэ байдлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хээвнэг худал мэдээлэл өгдөг юм биш биз гэж зовниж байна"

Ж.Золжаргал: Парламентын гишүүдийн амыг хамхиж, даргын үгнээс гардаггүй амьгүй албат болгох эвгүй хууль орж ирж байна даа

"Жагсаалтын гишүүн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл нам нь эгүүлэн татах санал гаргаад чуулганд оруулж санал хураалгана. Хэн нэгэн иргэн гомдол гаргавал тухайн гишүүний асуудлыг хэлэлцээд чуулганд оруулж санал хураалгаад эгүүлэн татна. Олонхоо багцлаад “намын бодлогоор” хага базчихсан нөхцөлд дуртай гишүүнээ зохиомлоор татах нөхцөл бүрдэх нь.

Ёс зүй гэдгийг нам шийддэг юм уу. Тэгээд тэр шалгуураар нь УИХ дахь олонхын эрх ашигт нийцэж байвал хэнийг ч эгүүлэн татчихна. Шударга ёсны дагуу биш олонход таалагдахгүй бол татах эрсдэл бий болно. Энэ Монголд хэрэгтэй зүйл үү. Хүний дургүй хүргэсэн ганц нэг гишүүдэд хариуцлага тооцох гэж улайраад парламентаа нухах өөрчлөлт оруулах нь уу.

Үндсэн хуульд заасны дагуу эгүүлэн татах хариуцлага тооцох өөрчлөлтийг хийж болно. Хэлэлцэх хугацаанд хязгаар тавих, дэгийг тодорхой болгох зэргээр. Гэтэл тэгэхийн оронд “дуу гардаг” гишүүнийг тавилттайгаар эгүүлэн татах эрсдэлийг бий болгож байгааг ойлгохгүй байна. Илэрхий эрсдэлтэй байна"

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Ардчилал нуран унаж байна. Өнгөрсөн 30 жилд та бүхэн ёс зүйтэй байсан бол бидний амьдрал ийм гунигтай байхгүй байсан

ҮАБЗ ардчиллыг нураахад оролцож байгаад үнэхээр харамсаж байна. УИХ-ын гишүүдийн кноп гэдэг чинь шийдвэр гаргалтын нэг хэлбэр. Энэ нь намын хэсэг бүлэг хүний эрх мэдэл рүү шилжинэ гэсэн үг. УИХ-ын гишүүд бүх ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажиллана гэж тангараг өргөдөг. Гэтэл тодорхой бүлэг, улс төрийн нам руу шилжих нь маш аюултай. Парламентын ардчиллыг дэмждэг улс Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжих нь буруу" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна