Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас Ерөнхий боловсролын сурагчдад дохионы хэл зааж эхэлжээ.
Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд нийгмийн ямарваа нэгэн үйл ажиллагаанд оролцох үед дохионы хэл мэддэг хүмүүс, хүүхдүүд цөөн байдаг нь тэдэнд учирдаг хамгийн том саад бэрхшээлүүдийн нэг байдаг аж.
Тиймээс улсын хэмжээнд дохионы хэлээр ойлгодог, бусадтай анхан шатны харилцан яриаг өрнүүлэх чадвартай залуу үеийг бэлтгэх, ялгаатай байдлыг багасгах, нийгэм дэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгмийн идэвхи оролцоог дэмжих зорилгоор тус сургалтыг орж байгаа нь сайшаалтай.
Зөв.мн сайтын сурвалжлах баг нийгэмд гэрэл гэгээ түгээх зорилготой хэрэгжиж буй тус арга хэмжээг зорьж очиход тусгай хэрэгцээт 29-р сургуулийн төгсөгч А.Билгүүн сургалт орж байв.
Түүнийг цахим сүлжээгээр дамжуулан "Баярлалаа" дууг дохионы хэлээр дуулсан бичлэгээр нь та бүхэн мэдэх байх. Сурагчид ч хичээлдээ сонирхолтой байгаа нь илт, өмнөх хичээл дээрээ үзсэн зүйлсээ ярилцаад инээлдэж байлаа.
Сургалтын үеэр дохионы хэлний багш А.Билгүүнтэй цөөн хором ярилцлаа.
-Дохионы хэл сурахын ач холбогдлыг товчхон тайлбарлаж өгнө үү. Нийт хэдэн хүүхэд дохионы хэл сурч байна вэ?
-Миний хувьд Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт дадлагажигчаар ирсэн. Бид Монголын хүүхдийн зөвлөлтэй хамтраад 50 хүүхдэд дохионы хэл зааж байгаа.
Энэхүү ажлын зорилго нь тэгш эрх, дохионы хэлний мэдлэг, бусад хүүхдүүдтэй харилцан ярилцаж ойлголцох, сонсголын ялгаатай хүүхдүүдийн нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэх гэх мэтчилэн давуу талууд зөндөө байгаа.
-Хүүхдүүд хэрхэн хүлээж авч, сонирхож байна вэ?
-Хүүхдүүд дохионы хэлийг санаснаас илүү сонирхож, мэдэхгүй зүйлээ асууж байна. Тэдэнд дохионы хэл заах нь хөгжилтэй байна. Би өөрөө дохионы хэлний мэргэжлийн үнэмлэх авах гээд хэлмэрчээр сурч байгаа.
Хэн дохионы хэл сурмаар байна тэр болгонд нь зааж өгөхийг хүсдэг. Хүүхдүүд маань дохионы хэл сураад шинэ найзуудтай болж байна. Энэ мэтчилэн дохионы хэл сурахад ач холбогдол их бий.
Г.Сэрчмаа: Хөгжлийн бэрхшээлтэй эмээ таараад тусламж хүссэн ч би юу ч хийж чадаагүй. Одоо чаддаг боллоо
Эрдмийн хөтөч сургуулийн аравдугаар ангийн сурагч Г.Сэрчмаа дохионы хэл сурч байгаа сэтгэгдлээсээ хуваалцахыг хүссэн юм.
Тэрбээр "Дохионы хэл сурах маш сонирхолтой санагдаж байгаа. Би өөрөө шинэ зүйл сурах дуртай, бусдад туслах дуртай. Манай дохионы хэлний багш ч мөн бидэнд маш сайн зааж өгч байгаа. Дохионы хэл сурна гэдэг нь олон хүмүүстээ харилцаж чадна, бусдыг сайн ойлгодог болно.
Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй эмээ таараад надаас тусламж хүссэн ч би юу ч хийж чадаагүй. Тэр үйл явдал миний сэтгэлийг жаахан өвтгөсөн. Одоо би тусламж хэрэгтэй хүн таарвал харилцаж чаддаг болж байгаадаа баяртай байна. Дохионы хэл сурж байгаагаараа их бахархаж байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна