Монгол Улс 2026 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулахтай холбогдуулан байгальд суурилсан бодит шийдэл, тогтвортой санхүүжилтийг дэмжих зорилготой “Үндэсний Ногоон Лаб” платформын төслийн сонгон шалгаруулалтын эцсийн шат амжилттай зохион байгуулагдаж, шилдэг 10-12 төсөл шалгарууллаа.
Тус платформыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар санаачлан, Монголын Бизнесийн Зөвлөл болон Монголын Байгалийн Өв Сантай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд COP17 хурлын бэлтгэл ажлын хүрээнд үндэсний хэмжээнд зохион байгуулж буй хөтөлбөр юм.
“Үндэсний Ногоон Лаб” платформ нь байгаль орчинд бодит, хэмжигдэхүйц эерэг нөлөө үзүүлэх, цаашид өргөжин хөгжих боломжтой ногоон төслүүдийг сонгон шалгаруулж, хоёр сарын хугацаанд техникийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ, чадавхжуулах дэмжлэг үзүүлэх замаар олон улсын санхүүжилтийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх зорилготой. Мөн төслүүдийг дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчидтай холбож, санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Монгол Улс COP17 хурлыг зохион байгуулахын зэрэгцээ Монгол Улсын санаачилгаар 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласантай холбоотойгоор энэ удаагийн сонгон шалгаруулалт нь бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлт, байгаль хамгаалалд чиглэсэн төслүүдэд төвлөрсөнөөрөө онцлог байлаа.
Сонгон шалгаруулалтад дараах зургаан үндсэн чиглэлийн хүрээнд төслүүдийг хүлээн авсан. Үүнд:

“Үндэсний Ногоон Лаб” платформын төслийн бүртгэл 2026 оны 3 дугаар сарын 16-нд эхэлж, 4 дүгээр сарын 20-нд хаагдсан бөгөөд нийт 135 төсөл бүртгүүлсэн байна. Эдгээрээс шаардлага хангасан 71 төсөл нэгдүгээр шатны үнэлгээнд хамрагдсан бол, үүнээс 30 төсөл хоёрдугаар шат буюу эцсийн шалгаруулалтад өрсөлдөж төслөө шүүгчдийн бүрэлдэхүүнд танилцууллаа.
Эцсийн шатны үнэлгээний дүнд хамгийн өндөр оноо авсан 10-12 төсөл шалгарч, “Үндэсний Ногоон Лаб” платформын Төсөл хөгжүүлэлтийн шатанд шилжин, төслийн хөгжүүлэлт, хөрөнгө оруулалтын бэлтгэл, олон улсын түвшний чадавхжуулах хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдах боломжтой болж байна.
Эцсийн шатны сонгон шалгаруулалтын арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл, хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан нээлтийн үг хэлэхдээ:
“Энэ платформ нь зөвхөн төсөл шалгаруулах үйл явц биш юм. Энэ бол Монголын ногоон шилжилтийг хурдасгах, орон нутгийн хөгжил, байгаль хамгаалал, тогтвортой амьжиргаа, инновац, шинжлэх ухаан болон хувийн хэвшлийн оролцоог нэгтгэсэн хамтын ажиллагааны шинэ тогтолцоо юм. Сонгон шалгаруулалтад нийт 135 төсөл бүртгүүлсэн нь Монгол Улсад ногоон хөгжил, байгаль хамгаалал, инновацын чиглэлээр ажиллаж буй байгууллага, залуус, судлаачид, бизнес эрхлэгчдийн идэвх санаачилга өндөр байгааг харууллаа” хэмээн онцоллоо.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэ Нэйче Консерванси, Монголын Бизнесийн Зөвлөл, Монголын Байгалийн Өв Сан, PMI Mongolia, Худалдаа хөгжлийн банк болон Хаан банкны төлөөллүүд оролцсон бөгөөд сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод явууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна