НҮБ-ын ЕНБД Антониу Гуттерришийн бүрэн эрхийн хугацаа энэ онд дуусна. Үүнтэй холбоотойгоор дараагийн ЕНБД хэн байх вэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байсан. Тэгвэл энэ асуултад хариулт болохуйц маш бодитой нэр дэвшигчийн нэр уржигдраас сонсогдож эхэллээ.
Тодруулбал, Унгарын Ерөнхий сайд асан Виктор Орбаныг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп түүний засаг захиргаа дэмжиж байгаа гэсэн мэдээллийг “Wall street journal” цацсан юм.
“Wall street journal” мэдээллээ “Гурван улсын эх сурвалжаас авсан..:” гэж тодотгосон ч нэгээс бусад нь ямар улс болохыг дурдаагүй. Тэгвэл энэ гурван улс нь АНУ, ОХУ, БНХАУ буюу НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хамгийн их нөлөө бүхий их гүрнүүд байх магадлал өндөр гэдэг нь мэдээлэлд дурдагдаж буй тоо баримт, таамгаас тодорхой харагдаж байгаа юм.
АНУ-ын Төрийн Департментын эх сурвалжийн хэлснээр В.Орбан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүний наймынх нь дэмжлэгийг ямар ч зовлонгүй авах бөгөөд дэмжлэгийн тоо 10-т хүрэх бүрэн боломжтой гэнэ.
АНУ-ын эх сурвалжийн хэлснээр Виктор Орбан бол MAGA буюу Америкийг дахин хүчирхэг болгох консерватив үзэлтнүүдийн хувьд төгс нэр дэвшигч бөгөөд Унгарыг 10 гаруй жил засаглахдаа явуулж байсан бодлогоороо /Цагаач, дүрвэгсэд, либерал ТББ-уудыг эсэргүүцдэг гм/ үүнийг баталж харуулсан гэнэ.
“The Wall Street Journal”-д бичсэн хамгийн гол санаа нь В.Орбаныг ОХУ болон БНХАУ дэмжиж байгаа тухай юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн эдгээр улсууд санал нэгдсэн тохиолдолд НҮБ-аас чухал асуудлаар шийдвэр гарах магадлал өндөр болно.
АНУ, ОХУ, БНХАУ ийнхүү санал нэгдвэл энэ удаагийн ЕНБД-ын сонгууль нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд АНУ үргэлж Баруун Европын улсуудтай нэг фракц гэж тооцогддог байсан өмнөх үе түүх болон үлдсэн гэдгийг харуулах бас нэгэн баримт болох юм.
“The Wall Street Journal”-ийн мэдээлснээр, АНУ-ын холбогдох албаныхан Виктор Орбантай холбоо барьж, НҮБ-ын ЕНБД-ын сонгуульд өрсөлдвөл дэмжинэ гэдгээ илэрхийлсэн бөгөөд В.Орбан ялна гэдэгтээ 100 хувь итгэлтэй болоогүй тохиолдолд шийдвэр гаргахгүй гэсэн байр суурь илэрхийлсэн гэнэ.
“The Wall Street Journal”-ынхан мөн В.Орбантай өөртэй нь холбогдсон ч энэ асуудлаар хариулт өгөхөөс татгалзжээ.
Виктор Орбан Унгарын Ерөнхий сайдаар 16 жил ажилласан. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд Унгарт болсон парламентын сонгуулийн өмнө Трампын засаг захиргаа ерөнхий сайдыг дэмжиж байсан ч Орбаны “Фидес” нам эцэст нь ялагдсан. Тиса нам парламентын олонхийн суудлыг авч, удирдагч Петер Мадьяр ерөнхий сайд болсон билээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг хоёр үе шаттайгаар сонгодог. Нэгдүгээрт, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл гишүүн орнуудын нэр дэвшүүлсэн нэр дэвшигчид дээр санал хураадаг. Дараа нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн баталсан нэр дэвшигчийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейд батлуулахаар өргөн барьдаг. Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигч нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүн орны дор хаяж есийнх нь дэмжлэгийг авах ёстой. Гэхдээ хэдий есөн гишүүний дэмжлэг авсан ч Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд (АНУ, Орос, Хятад, Франц, Их Британи) нэг талдаа гарсан байх шаардлагатай бөгөөд нэг нь л вето тавих эрхээ эдлэхэд нэр дэвшигч сонгогдох боломжгүй болох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.180.116
Yaj daranguilsan yum be
Хариулах