​Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж буй Г.Занданшатар, Ж.Энхбаяр, С.Бямбацогт нарын хэн нь хэн бэ

С.Батзаяа
1 цаг 35 минутын өмнө

Ерөнхийлөгчийн сонгуульд хаяанд иржээ. Ердөө хэдхэн сарын дараа манай улс Төрийн тэргүүний сонгуулиа хийж, тусгаар улсын эв нэгдлийн бэлгэ тэмдэг, зэвсэгт хүчний ерөнхий командлагчаа сонгоно. Судалгаагаар намуудын рейтинг тааруу гарч, улс төрийн нам гэхээсээ хүнийг нь харж сонголтоо хийх прогноз гарчээ. 

Ийм үед хэнийг нэр дэвшүүлэхээ намууд дотоод сунгаа явуулна, ард түмнээсээ асууна гэх маягтай мэдэгдэл, мэдээлэл удирдлагууд нь хэлчихээд байгаа. Эрх баригч намын генсек Я.Содбаатар энэ талаар өнгөрсөн хавар хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн бол сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл өнгөрсөн долоо хоногт АН-аас иргэдээ сонсох “Өөрчилье, бүтээе” аяныг эхлүүлэх болсноо зарлахдаа, Төрийн Тэргүүнд нэр дэвшигчийг мөн ард түмнээсээ асууна гэсэн юм.

Нэгэнт тоглоомын дүрэм тодорхой хэр нь нөгөө талд тодорхой бус яаж ч өөрчлөгдөж мэдэх эгзэгтэй энэ үед МАН, АН-аас ямар кандидат нэр дэвшихээр горилж буйг цувралаар хүргэе.

Энэ удаа эрх баригч нам дотор ямар яриа хэлцэл, маргаан мэтгэлцээн өрнөж буйг тоймлоё.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой хүн бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан Г.Занданшатар. Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэж авторладаг ч 2024 оны сонгуульд хангайн бүсэд өрсөлдөөд ялалт байгуулж чадаагүй. Өвдөг шороодсон ч албан тушаалаас буулгүй, Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томилогдсон. Тэр албан тушаалаа жил орчим хашаад “суга” дэвшиж Ерөнхий сайд болсон. Сул гишүүн ч биш атлаа ийн дэмжлэгтэй байсныг Төрийн Тэргүүнтэй холбож, улс төрийн хүрээнд ярьдаг. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй нэг фракц, зүүний хүчний холбооноос эхэлж хамтдаа намд хүчин зүтгэсэн гар, ганзага нийлдэг улстөрчид гэдэг. Ерөнхий сайдын албыг гурван сар гаруй хашаад “огцорсон” ч хууль бус гэж үзэн, үргэлжлүүлэн таван сар гаруй ажиллаад өнгөрсөн хавар түүний кабинет “унасан” юм.

Одоо улс төрийн ямар нэг алба хашаагүй ч ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж буй. Ердөө өнгөрсөн долоо хоногт МЭК судалгааны байгууллагаас гаргасан судалгаанд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд хамгийн өндөр санал авсан кандидат гэх дүнг танилцуулсан нь санамсаргүй биш санаатай тохиолдол юм. Гэхдээ нам дотроо ялангуяа Ерөнхийлөгчийн дэмжлэг буурсан. Дэмжлэг буурахтай зэрэгцэн судалгааны байгууллагын дүнг танилцуулсан нь санаандгүй тохиол биш гэдгийг тодотгоё. Өөрөө ч гол дүр болох кандидат биш нь биеийн хэлэмж, улс төрийн манлайлал, харизм нь илтгэдэг.  

Дараагийн хүн бол Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр. Мөн л Ерөнхийлөгчтэй ойр, бага залуугаасаа нам, улс төрийн ажилд хүчин зүтгэсэн. Бүр Зүүний хүчний холбооноос эхтэй нөхөрлөл нь өнөөдөрт авчирсан гэж яригддаг. Түүний хувьд 2008 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж, Говь-Алтай аймгаас хэдэнтээ парламентад сонгогдсон байдаг. Аав, хүү хоёр Батлан хамгаалахын сайдаар ажилласан ховорхон хувь тохиолтой. Түүний аав Жадамба генерал Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан билээ. 2020-2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй өнжсөн. Энэ үедээ ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж, тусгаар тогтнол, аюулгүй байдал талд мэргэшсэн хүн гэгддэг ч ЖДҮДС-гаас хөнгөлөлттэй зээл авсан, жирий иргэн Дорж, Дулмаа, бизнес эрхлэгчийн боломжийг булаасан гэх шүүмжлэл түүнийг дагадаг. 

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед ХХААХҮ-ийн сайд, одоо Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж буй Ж.Энхбаяр нам дотроосоо дэмжлэг авч чадвал нэр дэвшихээр горилж байгаа аж. Саяхан явуулсан судалгаагаар түүний рейтинг бараа сураггүй биш тэг дунд нь гарчээ. Тиймээс Бага хурал, Удирдах зөвлөлийнхөө дэмжлэгийг авах нь чухал байгаа аж. Нам дотроо ажиллаж эхэлсэн гэх "бор шувуу" ч Тусгаар тогтнолын ордноор "нисч" эхэлсэн гэх. 

Дараагийн хүн бол УИХ-ын дарга С.Бямбацогт. МАН-ын 68-ын бүлэг хоёр талцаад удаж буй. Үүнийг эвлэрүүлэх, дундын хувилбар нь С.Бямбацогт хэмээн УИХ-ын даргаар томилсон ч энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа шүүмжлэл газар аваад байгаа. Намын гишүүд дэмжигчид нь ч энэ талаар хэлж, шүүмжилж буй ч тэрбээр ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд үзээд алдая гэж шийджээ. Бизнесийн салбараас улс төрд орж ирсэн түүний намтар тийм ч тунгалаг биш. Мөн л ЖДҮХС-гаас болон олон салбарт хөнгөлөлттэй зээл авсан, баруун бүсийн хамаг тендерүүдийг хамаарал бүхий компаниараа дамжуулж хамдаг гэгддэг. Очсон албан тушаал бүртээ хүмүүсээ байршуулж, төрийн албанд халаа сэлгээг хайр найргүй хийдгээрээ зартай. Цаана нь хүмүүсийн амьдрал ахуй байгааг үл тоон өөрийн хүмүүсээ байршуулдаг нь УИХ-ын дарга С.Бямбацогтын шинэ имиж, шинэ дүр төрх.

Батлан хамгаалахын, Зам тээврийн сайд, ЗГХЭГ-ын дарга, одоо хууль тогтоох байгууллагын дарга гээд төрд хашиж болох бүхий л өндөр албан тушаалыг хашсан ч Ерөнхийлөгчийн сэнтий рүү горилж, зүтгэж эхэлсэн нь намынхныгаа уур ундуйцлыг төрүүлээд амжжээ. 2008 оноос хойш УИХ-д нэр дэвшиж, тав дахь парламентад түшээгээр сонгогдсон ч хийж бүтээсэн гавьяагүй. Хувийн болоод хувьсгалын ажилд тал алддаггүй гавьяаг сонгогчид нь биш ойр тойрныхон нь хүртэж яваа гэхэд хилсэдсэн болохгүй.

Эрх баригч намаас Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчдыг бичихэд ийм байна. Судалгааны байгууллагаар дахин томоохон хэмжээний судалгаа хийлгэж буй гэх мэдээлэл бий. Дүн яаж гарахаас хамаарч, нөгөө талдаа нийгмийн уур амьсгалыг ажиглаж, мэдэрч байж нэр дэвшигчээ тодруулахаар төлөвлөж, бүр ажлын хэсэг гарган нам дээрээ ажиллуулж байгаа гэх мэдээлэл байна.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна