Байр суурь: Алт, зэсийн үнэ өндөр байгаа энэ үед АМНАТ нэмэлгүй ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй

Zuv.mn
2 цаг 13 минутын өмнө

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт алтны олборлолтыг нэмэгдүүлэх, алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, уул уурхайн салбарын экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх зорилт туссан. Геополитик, дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж, алтны үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа энэ үед нөөц нь тогтоогдсон алтны ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь экспортын орлого, гадаад валютын улсын нөөц, төсвийн орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой байгаа юм. 

Тиймээс Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнгөрсөн баасан гарагт УИХ-д өргөн мэдүүлэв. Эл тогтоолын төслийн талаар гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

УИХ-ын гишүүн Б.Уянга: Ашигт малтмалынх нь үнэ өндөр байгаа үед нь ордуудаа ашиглаж байх хэрэгтэй. Нэлээн олон жил яригдаж байгаа ордууд байдаг. Тусгай хамгаалалттай газар нутаг усын тусгай хэрэгцээтэй газар нутагт орчихсон. Тэгэхээр нэлээн сайн судалж үзэж байгаад яам нь өөрсдөө хариуцлагатай байдлаар олборлуулах ёстой. УИХ-ын тогтоолын төсөл орж ирсэн. Судалж байгаад ирэх долоо хоногоос ярих байх. Ашигт малтмалыг үнэ өндөр байх үед нь арилжаалвал манай улсад ашигтай гэдгийг ойлгох хэрэгтэй" гэлээ.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан: Ордуудаа бүгдийг нь эргэлтэд оруулмаар байна. Монгол Улсын валютын нөөц нэмэгдэж л байвал энэ цаг хугацааг ашиглах хэрэгтэй. Сүүлийн 20 жил манай хайгуулын бодлого алдагдчихсан учраас алт үнэ нь өндөр байгаа ч гэсэн эргэлтэд орох орд байхгүй. Оргил үедээ 22 тонн хүрдэг байсан юм. Одоо 20 хүрэхгүй байна.

Ашигт малтмалын хууль ороод ирсэн эргээд сэргэх байх. Гэхдээ хугацаа орно. Тиймээс бэлэн байгаа ордуудаа эргэлтэд оруулах л хэрэгтэй. Үүнийг би бүрэн дэмжинэ. Ордын эзэн нь хэн байх нь хамаа алга. Ашиглалтад л оруулмаар байна.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан: Засгийн газраас Зарим уул уурхайн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Үүнд алтны гурван төслийг өргөн барьсан. Яагаад гэвэл өнөөдөр дэлхийн зах зээл дээр алт, зэс үнэтэй байгаа. Алт бусад байгалийн баялгийг бодвол эдийн засгийн өндөр эргэлтэд орох боломжтой. Тэр утгаараа маш богино хугацаанд үр дүнгээ үзүүлнэ гэж үзэж байгаа. Өмнө нь энэ асуудал орж ирээд УИХ-аар дэмжигдсэн ч Ерөнхийлөгч тусгай хамгаалалттай бүсийн зарим газар нутаг орсон байна гэж хориг тавьсан.

Сая бол дархан цаазтай газруудыг хасаад Гацууртын орд болох Ноён уулаас байгаль экологи, түүхийн олдворын хувьд Байгаль орчны яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас хяналт тавьж үзээд ямар нэг зүйлд нөлөөлөхгүй хол зайтай гэх координатыг тогтоогоод эдийн засгийн эргэлтэд оруулахаар оруулж ирж байгаа. Алт олборлох эдийн засгийн эргэлтэд хэрэгтэй. Монгол Улсын валютын санд ихээхэн нөлөө үзүүлдэг байгалийн баялаг бол алт.

Манай валютын нөөц 7.5 тэрбум доллар байна. Өнөөдөр олон улсын зээлжих зэрэглэлд Монгол Улс BB плас түвшинд байна. Энэ нь Монгол Улсын эдийн засаг тогтвортой байна гэдэг дүгнэлтийг олон улсын санхүүгийн байгууллагууд өгч байна. Гадаад харилцаа болон Монгол орны эдийн засгийн тогтвортой байдалд хамгийн чухал үзүүлэлт юм. Иймд валютын нөөц чухал үүрэгтэй. Валютын нөөцөд хамгийн их түлхэц үзүүлэх зүйл бол алтыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар бий болох орлогын төвлөрөл юм. УИХ хэлэлцээд дэмжих байх гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: АМНАТ буурах нь үйлдвэрлэлийн нөөц баялгийг нэмэгдүүлдэг. Нөөц баялгаа иж бүрэн ашиглахын тулд үнэ өсч байгаа эрдэс баялгийн бүтээгдэхүүний төрөл дээрээ АМНАТ бууруулах хугацаатай шийдвэр гаргаж, үйлдвэрлэлийн хувьд ашиглаж чадахгүй бсан тэр хэсгээ олборлодог, эдийн засгийн эргэлтэд оруулж боломжоо бодит өгөөж болгодог шийдвэрийг дэлхийн олон улс орны ухаалаг удирдагчид гаргаж, улс орныхоо эдийн засгаа өөд татдаг. Харин бид энэ талаар мэдлэг дутмагаас, мэдэж байгаа хэсэг нь сэтгэл дутсанаас, зорилго нь зөрснөөс томоохон боломжуудаа үгүй хийж байгааг харсаар байж нүд нь балай чих нь дүлий юм шиг суугаад байж чадахгүй нь. Уул уурхайн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр эрдмийн ажил хийсэн эдэмтэн хүний хувьд ч, энэ салбарт найман жил ажилласан уул уурхайг гадарлах эдийн засагч хүний хувьд ч, Хойд бүс Орхон аймаг, уурхайчдынхаа дундаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд ч Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр орж ирсэн алдаатай бодлогыг огт дэмжихгүй бөгөөд зөвтгөхийн тулд чадах бүхнээ хийж ажиллах болно. АМНАТ-ыг хэвээр үлдээвэл олон төслийг эхлүүлэх боломжгүй болж, одоо ажиллаж байгаа ганц үйлдвэрээ унагах түвшинд аваачина гэдгийг хэлмээр байна. 

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна