Эрчим хүчний салбарынхан маргаашнаас орон даяар ажил хаяна

Г.Анар-Эрдэнэ
2 цаг 8 минутын өмнө

Монголыг эрчим хүч геологи, уул уурхай үйлдвэрчний эвлэлийн холбооноос орон даяар маргааш өглөөний 08.00 цагаас эхлэн эрчим хүчний салбарын хэмжээнд ажил хаялт зарлахаар болсон талаараа  мэдэгдлээ. 

Энэ талаар тус үйлдвэрчний эвлэлээс "ХҮН нам болон Б.Найдалаа гэх хүний эсрэг ажиллаж байна гэсэн яриа гараад байгаа. Эрчим хүчний байгууллагын ажил хаялт, хамтын хэлэлцээрийн асуудлууд нь Б.Найдалаа сайдыг томлигдохоос өмнө эхэлсэн байсан. Ажил хаях нөхцөл бүрдээд гурван сар болж байна. Хуулийн шаардлага биелэгдээд гэсэн үг. Хуулийн дагуу санал хураалт явуулаад нэг сар өнгөрч байна. Долоо хоногийн өмнө буюу хуульд зааснаар таваас доошгүй ажил олгогчид мэдэгдэх үүргийн дагуу 2026 оны зургаадугаар сарын 22-ны өдөр 30-ны өглөөнөөс ажил хаялт эхлүүлэх талаар мэдэгдлээ хүргүүлсэн. Энэ ажил хаялт нь өөрөө ганцхан цалин хөлсний асуудал бус цаана зарчмын зөрүүтэй 12 асуудал байгаа. Салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, цалин хөлс тооцох итгэлцүүр, орон нутгийн нэмэгдэл болон бусад нэмэгдлүүдтэй холбоотой 12 заалт байгаа юм.

Ганцхан цалинг нэмэгдүүлээч гэж нэхэж шаардаагүй. Өнгөрсөн 22-ны өдөр хэвлэлийнхэн та бүхэнд 30-ны өдөр ажил хаялт эхлүүлэх талаар хэвлэлийн хурал хйисэн. Магадгүй энэ ажил хаялт эхлэхээс өмнөх хугацаанд хэлэлцээрт орох болов уу гэсэн хүлээлт байсан. 24-ны өдөр Эрчим хүчний яамнаас албан бичиг ирүүлсэн. Албан бичигт цалинг нэмэгдүүлэх талаар тодорхой санал байгаагүй. Ерөнхийд нь  нэмэгдүүлэхээр ажиллаж байна, тооцоо судалгаа гэх зүйлс ярьсан.

Тооцоо судалгаа, хэлэлцээрийн асуудал хэдэн сар үргэлжилж байгаа. Тиймээс энэ хариуцлагагүй байгаа, тодорхой бус саналгүй албан бичиг ирүүлсэн учраас бид хэлэлцээрт орохгүй гэдгээ мэдэгдсэн. 25-нд Эрчим хүчний яамнаас буюу сайдаас 26-ны өдөр уулзъя гэх хүсэлт ирүүлсний дагуу ажил хаялтын түр хороо очиж уулзаад саналыг нь сонссон.

Эрчим хүчний сайд Найдалаагийн зүгээс салбарын хэмжээнд цалин хөлстэй холбоотой 10 хувь нэмэгдүүлэх боломж байна гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ дундаа захиргаа, удирдлагын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхгүй гэсэн байр суурьтай байсан. Бидний зүгээс тавьсан үндсэн шаардлага бол 30 ба түүнээс дээш гэсэн байгаа.

Цалинг хэрхэн нэмэгдүүлэх талаар тодорхой санал тавиагүй. 30 хувийн нэмэгдлийг 2026 ондоо багтааж хоёр хуваах байдлаар нэмэгдүүлье гэсэн тодорхой санал хүлээж байсан.

Ингээд 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн өглөөний 08.00 цагаас буюу маргааш өглөө эрчим хүчний салбарын хэмжээний ажил хаялт эхлүүлэхийн дахин мэдэгдэж байна. Маргаашнаас эхлээд эрчим хүчний салбарын байгууллагуудын шуурхай ажиллагааны ажилтнууд буюу зайлшгүй ажиллах шаардлагатай ажилтнуудаас бусад ажлын байрнууд дээрх ажилтнуудаас бусад хүмүүсийн ажил хаялт эхэлнэ.

Маргаашийн тухайд бид тодорхой нөхцөл бүрдэхгүй бол долоодугаар сарын 1-ний өдрөөс шуурхай ажиллагааны ажилтнууд ажил хаялтанд нэгдэнэ.

ДЦС-3 төрийн өмчит хувьцаат компанийн 870 гаруй ажлын байр нь хөдөлмөрийн хэвийн бус буюу хүнд, хортой, халуун нөхцөлд ажилладаг. Тиймээс цалин нь энэ орчин нөхцөлдөө таарсан гэж үзэхгүй байгаа учраас ажил хаялтад оролцож буй аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна