Сангийн сайд З.Мэндсайханаас эрчим хүчний салбарын ажил хаялтын талаар тодрууллаа.
-Эрчим хүчний салбарынхан ажил хаяхаа мэдэгдлээ. Та энэ талаар сонссон уу?
-Би мэдээгүй.
-Өмнө нь Б.Найдалаа сайдтай яриад 10 хувь нэмэгдүүлье гэсэн байна лээ. Ер нь цалинг нэмэгдүүлэх боломж байгаа юу?
-Салбарын сайдын өмнөөс ярих нь зохимжгүй. Гэхдээ цалин хөлсний бодлогын хувьд Засгийн газар тэтгэвэр, нийгмийн даатгал, татварыг бүрэн шинэчилье гэдэг асуудлаар УИХ-д хуулиа өргөн бариад хэлэлцүүлж байна. Төсөв өргөн барьсны дараа Засгийн газар дахиад Боловсрол эрүүл мэндийн салбарын цалингийн асуудлыг үйлдвэрчний эвлэлтэй тохирч, араас нь оруулж ирсэн.
Үүнтэй холбоотойгоор тухайн үед УИХ-д яригдаад 684 тэрбум хавьцаа хоёр салбарт нэмэгдсэн. Хэрэгжээд явж байхад нь хэрэгжилтийн шатанд нь дахиад алдаа гарсан. Хэрэгжүүлэхдээ багш нарын цалинг нэмэх асуудлыг багш ажилчдын болгож хувиргаад дахин төсөв нэмэгдсэн.
Одоо төсөв дээр 677 тэрбум төгрөгийг боловсролын салбарт нэмж өгөхөөр болсон. Эрүүл мэндийн салбарт 180 тэрбум байгаа. Бидний цалингийн тогтолцоог хөрөөний ир шиг сугалж авч шидээд байх юм бол цаашдаа бид төсвийн урсгал зардлаа дийлэхгүй. Энэ хоёр асуудлыг Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сард яаралтай арга хэмжээ авч, тавдугаар сарын 1-нээс эхлээд багш, эмч нарын цалинг нэг шатлалтай болгосон.
Бүгд хоёр төрлийн цалинтай болчихсон байсан. Үүнтэй холбоотой нэмэлт санхүүжилтийн асуудлыг намар төсвийн тодотголоор шийднэ. Төсөв тодотгохдоо зөвхөн эрүүл мэнд, боловсролын салбарт цалингийн шатлалыг хэрэгжүүлсэнтэй холбоотой зардлыг л нэмнэ. Өөр асуудал байхгүй.
Эрчим хүчний салбарын хувьд эрчим хүчийг зах зээлийн зарчмаар явуулъя гээд байгаагийн цаана нь цалин мөнгө тухайн салбарын хөрөнгө оруулалтын асуудал буй юм. Үүн дээр Засгийн газар, ялангуяа Б.Найдалаа сайд бодлого гаргаж ажиллаж байгаа. Би тэр талаас нь ярьмааргүй байна.
Салбар салбарын цалинг сугалж авч ингэж шийдээд байвал төсөв өөрөө хязгаартай шүү дээ. Бидний олж байгаа орлого маш тодорхой. Тэрийг цаана нь бид яаж шийдэх вэ? Боломж байхгүй.
Эрчим хүчний салбар ямар онцлогтой вэ гэвэл энэ бол аж ахуйн, ашиг олох салбар. Тэр ашигт нь оруулахын тулд үнэ тарифын асуудлыг шийдэж явах ёстой болохоос биш төрөөс эрчим хүчний салбарын татаасыг нөхөөд явбал төр ачааллаа дийлэхгүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна