Өнгөрсөн өвөл нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх "хор найруулж" байна гэв үү

Zuv.mn
1 цаг 38 минутын өмнө

-Хүний амины төлөөстэй, шахмал түлшний ээлжит “Эзэнтэй” шалгаруулалт болж байна уу-

Нийслэлчүүдийн ирэх өвөл хэрэглэх хагас коксон түлшний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер хоёрхон хоногийн дараа нээгдэх гэж байна. Хачирхалтай нь, зургадугаар сарын 26-нд нээгдсэн эл тендерт өнөөдрийг хүртэл нэг ч оролцогч саналаа ирүүлээгүй байх юм.

Мөнгөн дүнг нь бага тавьж, унац ашиг багатай болоод компаниуд сонирхохгүй байна уу гэвэл тийм биш /288,780,676,800 төгрөгөөр хагас кокс худалдаж авна, түүний 195,958,316,400 төгрөгийг энэ онд санхүжүүлнэ гэжээ/, харин өнгөрсөн жил яг энэ тендерт өрсөлдөгчгүй, давуу эрхтэйгээр, Монголын талаас санал болгосон үнийг бараг бууруулалгүй шалгарч байсан “Shaanxi Coal Chemical Industry Group Shenmu Energy Development Ltd. Wuzhou Branch” хэмээх хятад компани энэ  жил дахин шалгарахаар “хор найруулж” байгаа гэсэн мэдээлэл чих дэлслээ. Хамгийн харамсалтай нь, энэ “хор”-онд нь захиалагч тал болох “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр нарын хүмүүс орчихсон байж болзошгүй гэсэн хардлага байна.

Монголын коксжих нүүрсний хэрэглээг яагаад “Shaanxi Coal Chemical Industry Group Shenmu Energy Development Ltd. Wuzhou Branch” гэх компани хоёр жил дараалж монопольдохоор зүтгэж байгаа, түүнд нь монголчууд оролцсон гэх ямар сэжиг таамаг байгаа талаараа уншигчдад мэдээлэл хүргэе.    

“Улсын мөнгө уйлдаггүй” буюу эхний тендер

Нийслэлчүүд өнгөрсөн жилээс эхлэн өвлийн хэрэгцээндээ БНХАУ-аас импортлосон хагас коксон шахмал түлшийг хэрэглэх болсон билээ. Хэдий шахмал түлш үйлдвэрлэхээ больсон ч савлах, түгээх дэд бүтцээ хадгалж үлдсэн гэдэг утгаараа БНХАУ-аас хагас кокс худалдан авах захиалгыг Нийслэлийн өмчит “Тавантолгой түлш” ХХК-д хариуцуулсан бөгөөд тус компани 226 тэрбум төгрөгөөр 306 мянган тонн хагас кокс, сайжруулсан шахмал түлшийг худалдан авах тендер зарласан юм.

Эл тендерт БНХАУ-ын “Shaanxi Coal Chemical Industry Group Shenmu Energy Development Ltd. Wuzhou Branch” үйлдвэр өрсөлдөгчгүйгээр, төсвөөс зарласан 226 тэрбум, 287 сая төгрөгийн үнийн саналыг бараг буулгалгүй буюу 225 тэрум, 981 сая тэрбум төгрөгийн үнийн дүн санал болгон шалгарсан байдаг.

“Улс ер нь яах гэж тендер зарладаг вэ” гэж уншигчдаасаа асуувал бүгд л “Шаардлага хангасан бараа, ажил үйлчилгээг хамгийн хямд үнээр худалдаж авахын тулд” гэж хариулах байх. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд тендерээ аль болох эрт зарлах, аль болох олон оролцогч өрсөлдүүлэх боломжийг нээж өгдөг. Гэтэл хагас коксын худалдан авалт дээр энэ зарчим гажууджээ.

Өнгөрсөн жилийн тендерт “Shaanxi Coal Chemical Industry Group Shenmu Energy Development Ltd. Wuzhou Branch” үйлдвэр ганцаараа орж ялахад олон нийт “Дотооддоо энэ асуудлаар шийдэлд хүрэлгүй хугацаа алдсан, Багануурын нүүрс пиролизын үйлдвэр эхлээгүй, “Тавантолгой түлш” ХХК түүхий эдгүй болсон гэх зэрэг шалтгаанууд нөлөөлж, цаг хугацааны хувьд давчуу байсан нь нөлөөлсөн байх” гэсэн ойлголттой л үлдэцгээсэн. Гэтэл үнэндээ өөр таван ч компани оролцохыг оролдсон боловч чадаагүй гэсэн мэдээлэл сонсоод гайхав. Тэдгээр таван компани орсон бол “Shaanxi Coal Chemical Industry Group Shenmu Energy Development Ltd. Wuzhou Branch” үйлдвэр ялах байсан уу, бусад компани хэдэн төгрөгийн үнэ санал болгох байсан бэ, Монгол Улс, монголчууд 306 сая биш, хэдэн арван тэрбум төгрөг хэмнэх боломж байсан юм биш үү гэсэн асуулт гарах нь тодорхой. Гэвч яагаад ч юм бэ, манай тал энэ боломжоо ашиглалгүй өнгөрүүлжээ.   

Гэтэл өнгөрсөн жилийн нийлүүлэлтийн явцад “Shaanxi Coal Chemical Industry Group Shenmu Energy Development Ltd. Wuzhou Branch” үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотойгоор ноцтой хүндрэлүүд үүссэн. Тухайлбал, үйлдвэрлэлийн хүчин чадал хүрэлцээгүйн улмаас бүтээгдэхүүнийг өөр үйлдвэрт үйлдвэрлүүлэх шаардлага гарсан бөгөөд үүний үр дүнд шахмал түлшний чанарт мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан. Хүний амь нас үрэгдсэн тохиолдол ч олон гарсан билээ. Түүнчлэн тус үйлдвэр нь гэрээт нийлүүлэлтийг хугацаанд нь бүрэн хангаж чадаагүйгээс түлшний хомсдол үүсэж, энэ нь иргэдийн өдөр тутмын амьдралд хүндрэл учруулан, нийгэм, эдийн засгийн хувьд ихээхэн дарамт бий болгож, “Цаашид нийлүүлэгчийг сонгон шалгаруулахдаа үйлдвэрлэлийн бодит хүчин чадал, чанарын тогтвортой байдал, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэх чадамжийг нэн тэргүүнд үнэлэх шаардлагатай” гэсэн шүүмжлэл гарч байв. 

“Амташсан хэрээ 13 дахихын үлгэр” буюу хоёр дахь тендер

Эхэнд бичсэнчлэн, “Тавантолгой түлш” ХХК ирэх өвөл нийслэлчүүдийн хэрэглээнд нийлүүлэх хагас коксыг 288,780,676,800 төгрөгөөр худалдаж авах тендерийг өнгөрсөн зургадугаар сарын 26-ны өдөр зарласан. Гэвч өнөөдрийн /VIII.03/ байдлаар нэг ч компани материалаа ирүүлээгүй байна. Тодруулбал, тендер нь төрийн худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг tender.gov.mn цахим хуудаст байршсан боловч “Өөрчлөлтийн хүсэлт гарсан” гэдэг тайлбартай, тендерт оролцохыг хүссэн компани материалаа байршуулах боломжгүй байдалтай байгаа юм.

Энэ бүхнийг зохион байгуулалттай гэж хардаж байгаа нэг бус шалтгаан байна.

Тухайлбал, тендерийн тусгай нөхцөлд Гэрээний ерөнхий нөхцлийн

-2.5 “Бараа нийлүүлэх газар: Тухайн улсын Монгол Улстай хиллэх төмөр замтай хилийн боомт”,

-2.10 “Бараа хүлээлгэн өгөх нөхцөл: Барааг захиалагчийн шаардсан бараа хүргэх эцсийн цэгт хүргэнэ” гэсэн заалтыг авч онцолж оруулсан.

Тусгай нөхцөл бол захиалагчийн зүгээс шаардсан, оролцогчийн зүгээс бол заавал хангасан байх ёстой нөхцөл гэж ойлгож болно. 

Өөрөөр хэлбэл, манай талаас БНХАУ-ын Хөх хотын төмөр замтай гэрээ байгуулсан байх шаардлага тавьсан бөгөөд хамгийн ноцтой нь, “Shaanxi Coal Chemical Industry Group Shenmu Energy Development Ltd. Wuzhou Branch” үйлдвэр тендерийг нээгээгүй байхад Хөх хотын төмөр замтай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр хүртэл шилжүүлсэн, энэ жилийн тендерт оролцохоор бэлтгэж буй бусад компаниуд Хөх хотын төмөр замтай гэрээ байгуулах хүсэлт гаргахад, “Зөвхөн өнгөрсөн жилийн нийлүүлэгчтэй гэрээ байгуулна, бусад компанитай гэрээ хийх боломжгүй” гэсэн хариу өгсөн гэсэн мэдээлэл байна.

Энэ бүгд нийлээд Монголын талаас захиалагч буюу “Тавантолгой түлш” ХХК тендерийн шаардлагадаа тусгай нөхцөл бичиж, Хятадын талдаа “Shaanxi Coal Chemical Industry Group Shenmu Energy Development Ltd. Wuzhou Branch” үйлдвэр нь Хөх хотын төмөр замтай мөн давхар тохироо хийн, хагас коксын тендерт бусад оролцогчдын өрсөлдөх боломжийг бодитоор хязгаарлаж байгаа юм биш биз, тендерийн ил тод, шударга өрсөлдөөний зарчим алдагдсан юм биш үү гэсэн хардлагыг зүй ёсоор төрүүлж байгаа юм.

Тендерийг задлах хугацаа тулчихсан, маргааш өглөө 09.10 цагт нээнэ. Нээхээс 10 минутын өмнө л материал авч эхлэх бөгөөд энэ хугацаанд материал илгээж амжихгүй нөхцөл байдал үүсдэг. Shaanxi Coal Chemical Industry Group Shenmu Energy Development Ltd. Wuzhou Branch” гэнэт орж ирэх гэж байна гэж гарчигт бичсэн нь ийм учиртай.  

Хамгийн харамсалтай нь, тендерт оролцогчийн тоог хааж боосноор хэн хохирох вэ. Монгол Улс, монголчууд хохирно. Татвар төлөгчдийн хөлсөө урсган байж бүрдүүлсэн, Монголдоо үлдэж болох байсан мөнгө гадагшаа урсана. Магадгүй, хилийн цаана дахин хуваарилалтад ордог байхыг ч үгүйсгэх аргагүй. 

Иймд уг нөхцөл байдалд холбогдох байгууллагууд хараат бус байдлаар шалгалт хийж, тендерийн үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу ил тод, тэгш нөхцөлтэй явагдсан эсэхийг нягтлан тогтоох, шаардлагатай тохиолдолд хүчингүйд тооцож, бусад ААН-үүдэд саналаа өгөх боломжоор хангах нөхцлийг бүрдүүлэх нь зөв үзэж байна.

Үнэхээр Монголд сайн чанарын хагас коксыг тасралтгүй нийлүүлэх чадамжтай өөр ААН-үүд байгаа бол тэдгээрийг оруулж ирж, хуулийн дагуу хамгийн сайн, басхүү хямд үнэ санал болгосныг шалгаруулах нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна