Э.Болормаа: Манай МАН-ын ах нар аймхай, амиа хичээсэн учир эрх мэдлээ алдахгүйн төлөө ямар ч дүрд хувирч тоглож чаддаг юм билээ

С.Гандэлгэр
54 минутын өмнө

Шатахуун хомсдож, шатахуун худалдаалж байгаа ШТС-уудад урт дараалал үүссэн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Э.Болормаа байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Нийгмийн шударга ёс алдагдсан нь бензиний очер дээр хүртэл…

Энэ талон гэдэг кастын систем үүссэний нэг шинж тэмдэг л дээ. Талоноор төрийн дарга нар бензин авч байгаа, том компанийн нөхдүүд бензинээ авч байгаа. За тэгээд дундах нугалаанаас нь шагийн бензин литр нь 8,000–10,000 төгрөг болсон байна. Талоноор очергүй, банкаа дүүртэл нь бензин авна. 

Тэд нялх хүүхдүүдээ машиндаа суулгаад, куртка давхарлаад, машинаа нормалдаж ч чадахгүй унтраагаад очерлож байгаа хүмүүсийг ойлгодоггүй. Ойлгох ч үгүй. Зэрлэг капиталист сайдтай юм чинь. Үйлчилдэг улс төр, бизнесийн бүлэглэлийн эрх ашиг нь явж байхад бусад асуудал түй ч хамаагүй байх (MCS өнгөрсөн долоо хоногт хамгийн ихээр хүссэн эрчим хүчний төслөө аваад Монголын эрчим хүчний бодлогыг урд хөршдөө зарчихсан).

Гадаад ертөнц дэх хүнд нөхцөл байдлыг иргэд ойлгож байгаа. Хилийн цаадах нөхцөл байдал Дамдиннямаас ч өмнө хүнд байсан, өмнөх сайд нар учрыг нь олоод болдог байсан. Арай ч хагас жил иргэдээ бензинд очерлуулж зовоогоогүй юм сан.

За тэгээд хилээр орж ирсэн бензинээ яаж олгох дээр төрийн бодлого байдаггүй юм уу? Ийм хэмжээний нөөц байгаа учир ийм хязгаарлалттай байна гээд зохион байгуулалт хий л дээ. Нийт хэрэглээний 50, 80 хувьтай тэнцэх хэмжээний бензин орж ирж байгаа бол тус бүрд нь түгээлтийн бодлого байх ёстой биз дээ. Яагаад бензин байсаар байхад олголт хийхгүй байгаа юм бэ? Эсхүл хар зах үүсгэж, хүчтэй, мөнгөтэй нь л бензин авдаг байх нь төрийн бодлого юм уу? Олголтын зарчим, дүрэм гэдэг чинь өөрөө төрийн бодлого шүү дээ.

Монгол Ардын Нам уг нь социал демократ, зүүний үзэлтэй нам. Онолын хувьд нийгмийн баялгийг илүү хүртээмжтэй, шударга хуваарилна гэдэгт нь итгэж энэ намд орсон. Даан ч чадахгүй байна. Үнэндээ АН, МАН хоёрт үзэл суртлын ялгаа байдаггүй, зүгээр эрх мэдлийн л ялгаа байна.

МАНай ах нар бол хамгийн зэрлэг капиталист нөхдүүд гэдгийг ойроос харж, мэдэрч байна. Хэцүү үед өсөж хүмүүжсэн болоод ч тэр юм уу, өлөн, амиа хичээсэн, мөнгө шүтдэг хүмүүс байх юм. Ихэнх нь Монголын топ баячууд, бизнесээ хамгаалах гэж улс төрд байхаас өөр аргагүй юм шиг байгаа юм. Түүнээс биш нүдэн дээр “ард түмний төлөө” гэж амнаас нь худал үгс үсчихийг нь харахад өрөвдмөөр, зэвүү хүрмээр ч юм шиг.

Гэхдээ нэг нууц задлахад, МАНай ах нар цагаа тулахаар аймхай, амиа хичээсэн учир эрх мэдлээ алдахгүйн төлөө ямар ч дүрд хувирч тоглож чаддаг юм билээ. Титаник кинон дээр эмэгтэйчүүд, хүүхдүүдийг аврах завинд суулгана гэхэд танихгүй хүүхэд барьж аваад цагдаа/даргыг нь тархидаж, амиа аваад гардаг баян нөхөр байдаг даа. Яг л тэр л дээ, ер нь бол.

Сайд дарга нар минь ээ, ах нар минь ээ, ганц л юм хүсье. Энэ үнийн өсөлт, бензин түгээлт хоёроо шийдчих л дээ. Олон долоон юм сэдэж, санаачлаад байлгүй, энэ хоёроо л бариад авчих, ард нь гарчих. Тэгвэл та нарын пи ар-ыг чинь үнэгүй хийгээд өгье, хүссэнээр чинь рийл хийж магтаж өгье." гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна