Дэлхийн улс орнуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог агенталгууд дундаа “Их гурвал” хүлээн зөвшөөрөгдсөн гурван “аварга загас” бий. “Стандарт энд пүүрс”, “Мүүдийз”, “Фитч рейтингс”. Эхний хоёр нь цэвэр АНУ-ын “угшилтай” бол Нью Йорк, Лондонд төвтэй “Фитч рейтингс” Францын FIMALAC корпорацийн охин компани юм. Эдгээр агентлагууд нь санхүүгийн маш өндөр чадвартай мэргэжилтнүүдийнхээ ачаар санхүүгийн зөвлөгөө өгөх, компаниудын зээлжих зэрэглэлийг тогтоох үйл ажиллагаа явуулж санхүүждэг.
Улс орнууд, компаниуд зээлжих зэрэглэл тогтоолгосноороо хөрөнгө оруулалт татах, банкнаас зээл авах, харилцагчдадаа итгэл төрүүлэх гээд асар их давуу тал олж авдаг. Хөрөнгө оруулагчдын ихэнх нь хөрөнгө оруулах улсаа сонгохдоо зээлжих зэрэглэлийг нь хардаг учраас энэ нь хөгжиж буй жижиг орнуудад маш чухал юм.
Гэхдээ зээлжих зэрэглэлд өрөөсгөл тал бий. 227 ам дөрвөлжин километр газар нутагтай, 40 мянган хүн амтай Лихтенштейн улсад “Standard & Poors” ААА буюу хамгийн дээд үнэлгээгээ өгсөн байдаг. Гэтэл дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай АНУ “АА+”, хамгийн олон хүн амтай БНХАУ “АА-“ үнэлгээтэй байх жишээтэй. 40 мянган хүнтэй Лихтенштейнд бизнес явуулбал ашигтай юу, тэрбум хүнтэй Хятадад явуулбал ашигтай юу. Тэгэхээр, зэрэглэл тогтоогч агентлагуудын үнэлгээнд ч сул тал байдаг гэсэн үг. Тэдний тогтоосон зэрэглэл, үнэлгээ эдийн засгийн хүнд байдалд орсон улсуудыг улам хүнд байдал оруулах хүчин зүйл болох нь ч бий. Хүндрэл гарангуут зэрэглэл бууруулж, хөрөнгө оруулагчдыг үргээдэг. Энэ нь тодорхой зорилго агуулж байхыг ч үгүйсгэх аргагүй юм.
Чансаа тогтоох агентлагийн судалгаа, үнэлгээ ерөнхийдөө голтой байдаг ч огт худлаа байж, дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай АНУ-ыг хямрааж байсан түүх бий.
Зээлжих зэрэглэлээ өндөр тогтоолгосон компаниудад давуу тал үүсдэг гэдгийг дээр хэлсэн. Энэ байдлаас болж компаниуд сүүлдээ үйл ажиллагаага сайжруулахад бус зэрэглэл тогтоолгох асуудалд илүү анхаарах болсон байдаг. Зээлжих зэрэглэл нь банкуудын судаогаа хийх цагийг хэмнэдэг бөгөөд зэрэглэлийг нь хараад л цаг алдалгүй шуурхай зээл гаргадаг байж. Харин агентлаг худлаа зэрэглэл тогтоосон тохиолдолд банкуудын гаргасан зээл найдваргүй компаниудад очих эрсдэл ихсэх нь ойлгомжтой. Үнэхээр ч ийм явдал болсон юм. Зэрэглэл тогтоогч агентлагууд үйлчилгээгээ үзүүлэхдээ худал хуурмаг хандаж байсны уршгаар дэлхий нийтийг хямраасан түүх хуучраагүй байна.
АНУ-ын Засгийн газар, “S&P” агентлагийн хооронд хоёр жил өрнөсөн маргаан 2015 оны хоёрдугаар сард эцэслэгдэж, агентлаг АНУ-ын Засгийн газарт 1.8 тэрбум ам.долларын нөхөн төлбөр өгөхөөр болсон билээ. Энэ хэрэг 2007 оноос эхлэлтэй дэлхийн эдийн засгийн хямрал нь чухамдаа зээлжих зэрэглэл тогтоодог компаниудтай холбоотой гэдгийг баталсан юм.
АНУ-ын Хууль зүйн яам 2013 оны хоёрдугаар сард Standard and Poor’s агентлаг болон түүний толгой компани McGraw-Hill Companies-ийн эсрэг Лос Анжелесийн холбооны шүүхэд гомдол гаргасан байдаг. Тэд агентлагийн шинжээч, эрх мэдэлтнүүдийг 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед чансаа тогтоохдоо бодлогоор хандаж, үл хөдлөх хөрөнгийн үнэт цаасны зах зээлийн талаар бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийж байсан хэмээн буруутгасан юм. S&P-ын удирдлагууд эхэндээ дээрх гомдлыг ямар ч үндэслэлгүй хэмээн үгүйсгэсэн ч Хууль зүйн яам баталгаатай баримт гаргаж ирснээр ямар ч аргагүй байдалд оруулсан түүхтэй.
Тэд агентлагийн буруу шийдвэр АНУ-ын хотуудад хэдий хэмжээний хохирол учруулсныг хүртэл бодож гаргасан байв. Гомдлоо Лос Анжелесийн шүүхэд гаргасан нь ч учиртай бөгөөд шинжээчдийн гаргасан буруу дүгнэлтээс болж хамгийн их хохирсон хот нь Лос Анжелес байжээ. Хямралын жилүүдэд тус хотын хэдэн зуун мянган иргэд орон гэргүй болж үлдсэн нь гашуун үнэн, харин ийм нөхцөл байдалд хүрэхэд S&P-ын худал хуурмаг шийдвэр нөлөөлсөн гэж АНУ-ын Сангийн яам үзэж байлаа.
Яг энэ үед агентлагуудын үнэн дүр төрхийг олон нийтэд илчилсэн бас нэгэн үйл явдал болсон нь“Нью Йорк таймс“сонин мөн S&P агентлагийн шинжээчдийн бичиж байсан цахим захидлуудыг нийтэлсэн явдал байсан юм. Иргэдийн дунд шуугиан дэгдлээ. Захидалд дэндүү увайгүй зүйлс бичигдсэн байв. Тухайлбал , нэг шинжээч 2007 оны дөрөвдүгээр сард нэгэн үйлчлүүлэгчдээ илгээсэн захидалдаа “Бид бүх л төрлийн бараа бүтээгдэхүүн дээр дүгнэлт гаргаж, чансаа тогтоодог. Жишээлбэл, үнээ ч байж болно. Тэгсэн ч бид түүнд чансаа тогтооно” гэж бичжээ.
Бас нэг шинжээч өөр нэг шинжээчдээ “Чансаа тогтоох агентлаг үл хөдлөх хөрөнгийн зах зээл хэмээх аварга мангасыг тордсоор л байна. Хөзрөөр хийсэн энэ байшинг нурахаас өмнө бид баяжиж амжина гэж л найдахаас” гэсэн байв. Тэд “Үл хөдлөх хөрөнгийн облигацийн зах зээл ямар ч асуудалгүй байна” гэсэн дүгнэлт гаргаж өгснийхөө төлөө 2004-2007 оны хооронд 40 захиалагчаас 13 сая ам.долларын төлбөр авсан болох нь баримтаар нотлогджээ. Бодит мэдээллийг нуун дарагдуулж байснаас болж олон мянган иргэд үл хөдлөх хөрөнгийн облигаци худалдан авч улмаар эд хөрөнгөөрөө хохирсон билээ.
Агентлаг өмнө нь буруу дүгнэлт хийсэн гэдэг хэргээр Австралийн Шүүхэд ялагдал амсч байсан удаатай. Мөн Европын холбоо “Их гурвал”-ыг хамтад нь олонтаа буруушааж, зарим тохиолдолд хуурамч дүгнэлт гаргасан гэдгийг баримтаар баталж байв. АНУ-тай шүүхдээд ялагдсаных нь дараа S&P агентлагийн нэр хүнд эрс унасан бол “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэгчээр нөгөө хоёрынх нь нэр хүнд ч сэвтжээ. Олдсон энэ боломж дээр дөрөөлөх хүсэлтэй компаниуд ч гарч ирлээ.
АНУ S&P-ийг шүүхэд өгч, маргашгүй баримт гаргаж тавьсны дараа “Их гурвал”-ын ирээдүй бүрхэгдсэнийг анзаарсан таван улсын компани (Португалын CPR, Энэтхэгийн CARE Rating, ӨАБНУ-ын GCR, Малайзын MARC, Бразилын SR Rating) нэгдэж, ARC Ratings хэмээх олон улсын агентлагийг байгуулж, эдүгээ S&P, “Fitch ratings”, “Moodies”-ийн орон зайг эзлэхээр чармайж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна