​ Т.Аубакир: “Ажилгүйдлийн тэтгэмжийг төр биш, ажил олгогч нь хариуцах ёстой” гэж үздэг улстөрчид бий

Х.Батсайхан
1 цаг 3 минутын өмнө

ХНХ-ын сайд Т.Аубакиртай ярилцлаа.

-Ажилгүйдлийн тэтгэмж олголт удаашралтай байна гэдэг асуудал УИХ-ын Чуулганы хуралдаан дээр яригдлаа. Ямар нөхцөл байдал үүссэн юм бэ?

Бид 2026 оны улсын төсөв дээр 92 тэрбум төгрөгийг Ажилгүйдлийн тэтгэмжийн сандаа төвлөрүүлэн ажилласан. Гэтэл 2026 оны сүүлийн гурван сарын ажилгүйдлийн тэтгэмжийг олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Үүнд янз бүрийн шалтгаанууд байна. Нэгдүгээрт, төрийн албан хаагдыг цомхотгосон. Төрийн албыг цомхон, оновчтой болгоё гээд 9 хувийн цомхотголын хүрээнд 14,400 төрийн алба хаагчийг цомхотгосон. Өнөөдрийн байдлаар 6000 орчим төрийн алба хаагч цомхотголд орсон. Ингээд нөгөө 92 тэрбум төгрөгөөс тооцоогүй байсан хүмүүс тэтгэмж авхаар болсон гэсэн үг.

Нөгөө талдаа, зарим жижиг ААН-үүд үүд хаалгаа барьж байгааг үгүйсгэхгүй. 2025 онд 22,000 орчим ААН хаалгаа барьсан байдаг. Гэхдээ ААН гэхээсээ илүү ТББ хаагдсан байдаг юм. Техник технологи, хиймэл оюун ухаан хөгжсөнтэй холбоотойгоор зарим ААН-үүд хүнээ цомхотгосон тал ч бий.

Ингээд 92 тэрбум төгрөг хүрэлцэхээ болсон учраас төсвийн тодотгол дээр 50 тэрбум төгрөг нэмж төсөвлөснөөр ажилгүйдлийн тэтгэмжийг олгох боломж бүрдээд байна.  

Төр ер нь иргэний ажилгүйдлийн тэтгэмжийг хариуцах нь зөв пм уу гэж үздэг улстөрчид бий. Ажил олгогч ажилтнаа халсан бол ажилгүйдлийнх нь асуудлыг хариуцах ёстой гэж. Гэтэл нөгөө талаар төр иргэдийнхээ нийгмийн баталгааг доройтуулахгүй байх ёстой гэж үздэг гишүүд ч байна. Зохицуулалт хийх ёстой.

Сайны хажуугаар саар гэгчээр, захиралдаа очоод “Та намайг халчих. Гэхдээ би ажлаа хийнэ ээ” гэдэг тохиолдол байна. Өмнө нь есөн сар ажиллаад ажилгүйдлийн тэтгэмж авах боломж нь үүсдэг, 76 хоногоор тооцож тэтгэмжээ авдаг байсан. Одоо бид өөрчлөөд 12 сар ажиллаж байж эрх нь үүсдэг, 76 биш биш, 55 хоногоор тооцож өгдөг болгож байна.

Мөн бид 2026 оны төсөвт 92 тэрбум байсан ажилгүйдлийн тэтгэмжийн зардлыг 193 тэрбум төгрөг болгож өсгөлөө. Төр иргэдийнхээ нийгмийн баталгааг доройтуулах эрх байхгүй шүү дээ.

-Казахстан улсын 200 гаруй иргэдэд тэтгэмж өгч байсан гэдэг мэдээлэл гараад байна?

-Асуудлыг заавал сенсаац болгох юм. Казахстан энэ, тэр гээд л. Манай салбарт байгаа нас барсан иргэдийн тэтгэмж, хүүхдийн мөнгийг мэдэхгүйгээр үргэлжлүүлж өгөөд байдаг үзэгдлийг алга болго гэдэг үүргийг би 2025 онд өгөөд, Ажлын хэсэг байгуулж шалгасан. Миний илрүүлсэн асуудал. Тэрэн дотор Казахстаны иргэдийн асуудал бий, гэхдээ 200 гаруй биш, 182 иргэний асуудал байгаа.

Энэ юутай холбоотой вэ гэхээр, Иргэний бүртгэлийн байгууллага иргэн нас барсан ч юм уу, эсвэл өөр улсын иргэн болоод явсан талаарх мэдээллийг манайд цаг алдалгүй гаргаж өгөх үүрэгтэй. Өрөөндөө ажлаа хийгээд сууж байгаа Нийгмийн даатгалын байцаагч үүнийг мэдэх боломжгүй шүү дээ. Энэ миний илрүүлсэн асуудал.

Сая казахуудыг буллидсэн асуудал гарахад ордны сэтгүүлчид маань төвийг барьж ажилласанд талархдаг. Та хэд маань оролцоод эхэлбэл муухай шүү дээ. Төрж өссөн нутагтаа гадуурхагдах шиг муухай зүйл байхгүй шүү дээ. Зөвхөн Казахстан биш, АНУ, Англи гарч явсан асуудал ч байна. Би шалгуулж байгаа асуудал. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна