Д.Энхбат: Хүрэх цэгийг зорилго заадаг

2017/01/02

Нийтлэлч Д.Энхбат

Шинэ он гарлаа.Энэ өдрүүдэд хүн бүр ирж буй шинэ оноо угтан харж, хүсэл мөрөөдлөө эргэн санаж байгаа байх. Гэхдээ хүн бүр өөрийнхөөрөө шинэ оноо төлөвлөнө. Зарим нь хүсэл бодлоо цаасан дээр сийрүүлэн бичнэ, нөгөө нь мөрөөдчихөөд л цааш явна.

Хүсэл мөрөөдлөө цаасан дээр буулгаж бичээд, түүндээ хүрэх огноогоо заачихсан бол тэр хүн зорилготой хүн гэсэн үг. Харин буулгаж бичээгүй, эсвэл бичсэн ч хүрэх огноогоо заагаагүй бол тодорхой зорилгогүй, харин мөрөөдөлтэй хүн гэсэн үг.

Тодорхой зорилго тавьж, түүндээ хүрэхийг амжилт гэж тодорхойлдог. Энэ тодорхойлолтын сайн тал нь тухайн хүний амжилтыг бусадтай харьцуулж бус харин өөрийнх нь ололтоор дүгнэж буйд юм. Хүн бүрийн гарааны нөхцөл, орчин, боломж өөр, хүсэл сонирхол адилгүй тул нэг хүний амжилтыг нөгөө хүнийхтэй харьцуулан ярьж, бичих нь хорвоогийн сонин сайхны тухай сонирхолтой яриа; гоё сэтгүүлийн борлуулалтад л хэрэгтэй болохоос бодит амьдралд тэр бүр тус болдоггүй.   

Мөн, дээрх тодорхойлолтоос маш чухал, өөр нэгэн гаргалгааг хийж болно. Тэр нь, хүн өөртөө тодорхой зорилго тавихгүй яваад байвал хэзээ ч амжилтанд хүрэхгүй гэсэн санаа. Энэ гаргалгаа үнэн гэдгийг  амжилттай яваа бараг бүх хүний үг, шинжлэх ухааны судалгаанууд нотолдог.

Эргэн санахад, би оюутан байх үеээсээ л шинэ оны эхэн өдрүүдэд өөртөө, тэр жилдээ ямар нэгэн зүйлийг сурна ч гэх юм уу, эсвэл нэг том ажлыг хийнэ гэж бодож төлөвлөдөг байж билээ. Мэдээж, тэгэж бодож мөрөөдөхөд үргэлж сайхан байдаг байсан. Харин тун удалгүй, сарын дараа гэхэд л шинэ оны тэр мэдрэмж маань алга болж, ихэнх зүйлс хуучнаараа үргэлжилдэг байсан гэхэд болно.

Би зарим зорилгоо бичиж, байнга санаж, хүрэх гэж зүтгэдэг байсан. Тийм учир, 365 хоногийн дараа хүрэх ёстой зорилгоо байнга санаж, 364 хоногийн турш түүндээ хүрээгүйгээ мэдэрч явах нь оны эхний өдрүүдийнх шиг урам зоригийг байнга өгдөггүй, харин багагүй тэвчээр, зорилгодоо итгэх итгэлийг шаарддагийг мэднэ.

Гэхдээ хамгийн хэцүү зүйл тэр биш байсан. Гол асуудал маань зорилгодоо хүрэхэд хэцүүд биш харин тавьсан зорилгоо мартахад амархан байсанд байх. Олон сар, хоногийн дараа хүрэх холын зорилгыг өдөр бүр мэдэрч, ухамсарлаж явахад хэцүү. Зорилгодоо дөхөж байгаагаа өдөр бүр мэдрэхгүй учир зарим өдөр өөртөө жижиг “чөлөө” олгож эхэлнэ. Товчоор, ажлыг хийхэд хэцүүдээ биш харин хийхгүй байхад дэндүү амархан учир алгасна. Аажимдаа зорилго татах хүчээ алдана.  

Харин одоо би зорилго чухам ямар үүрэгтэй, амжилт гэж юу вэ гэдгийг өөрөөр хардаг болсон.  

Хүрэх цэгийг зорилго заадаг. Цаасан дээр тооцоо хийж, төлөвлөж, ажлаа хэмжиж дүгнэхэд зөв зорилго хамгийн чухал үүрэгтэй. Зорилго аль болох тодорхой байх тусам илүү татах хүчтэй. Бичээгүй зорилго бол зорилго огт биш. Мөн зорилгоо өдөр бүрийн алхамд хөрвүүлэн харж чадахгүй бол дутуу бодож байна гэсэн үг.

Харин амжилт бол хүрэх цэг биш явах зам юм байна. Ерөөсөө том амжилт гэх нэг зүйл энэ хорвоод байдаггүй. Том амжилт бол зорилгынхоо төлөө өдөр бүр хийх жижиг алхмуудын үр дүнгийн нийлбэр юм. Зорилгоо олон шат, алхамд задлан хараад өдөртөө хийхээ хийгээд явбал амжилт гарцаагүй.

Амжилт бол явах зам учир түүнийг өдөр бүр харж, өдөр бүр мэдэрч болно. Амжилттай яваа хүн бүр үүнийг сайн мэддэг, өдөр тутмын амжилтаа харж, түүнээсээ таашаал, урам зориг авч явдаг учир ядардаггүй.

Өдөр бүр байнга жижиг амжилт гаргаж явахын тулд зарим нэг сайн зуршилд суралцах хэрэгтэй болдог. Зөв сэтгэх зуршил, зөв үйлдэх зуршил гэх мэтээр ангилж, тайлбарлаж сургасан олон арван сонирхолтой ном бий. Тэдгээрийг унших бүрт нэг зүйлийг их сайн ойлгоно. Тэр юу вэ гэвэл, амжилттай явахад суралцаж болдгийг ойлгоно. Амжилт бол аз биш, харин тодорхой хандлага, зуршлын үр дүн юм гэдгийг мэднэ. Гэхдээ энэ бол биеээ даасан том сэдэв учир энэ блогоо үүгээр хязгаарлая.

Төгсгөлд нь, дээр бичсэнээ би өөрөө өөртөө хэлдэг үгээрээ товчилбол – Өнөөдөр хийх ёстой зүйлээ л хий. Маргааш бас хий. Тэгээд өдөр бүр давтаад бай... Цаг нь болоход зорилгодоо хүрнэ. Амжилт өөрөө ирнэ! Enjoy Life!



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна