УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр сүүлийн үед хэвлэл мэдээллийнхэнд “хайр” зарлах болсноо өөрөө ч хүлээн зөвшөөрчээ. Учир нь тэрбээр сүүлийн 10-аад жил “нухсан” Үндсэн хуулийн өөрчлөлтөө ажил хэрэг болгохоор санаа шулууджээ. Мөн тэрбээр улс орныхоо эдийн засгийг сэргээж чадахгүй байгаа МАН-д зөвлөгөө өгмөөр санагдах болсон гэнэ.
Энэ тухайгаа News.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр “Өнөөдөр би Ардын намд зөвлөгөө өгмөөр болдог. Зургаан сар МАН-ын засгийг харлаа. Эд нар юм хийж чадахгүй байна. Хийж байгаа хоёр ажил байна. Нэг нь биднийг муулах, нөгөө нь нэр солих. МАН-ынхныг ингээд суухыг хараад байвал нийгэм тэр чигээрээ хохирчих гээд байна. Би Монголынхоо хувь заяанд санаа зовж байна. Дараа нь Ардчилсан намынхан бид л гарч ирээд босгоно. Улс хэдий чинээ доошоо унана, бид төдий чинээ зовно гэсэн үг. Тэгэхээр эд нараар бага алдаа хийлгэмээр байна. Тийм учраас зөвлөе гэж байгаа юм. Авах гээх нь эд нарын ухааны асуудал. Манай нам унаагүй байсан бол эдийн засаг иймдээ ч хүрэхгүй байсан” гэх зэргээр ярьжээ.
Харамсалтай нь түүнийг хүмүүс “Батбаяраа, чиний өгдөг зөвлөгөө ч гэж юу байлаа, чиний зөвлөгөөг Ардын намынхан сонсоно гэж ч юу байх вэ” гэх зэргээр шоолох болжээ. Нэг үе Эдийн засгийн хөгжлийн сайд байсан Н.Батбаяр засгийн эрх барьж буй МАН-д Нэгдүгээрт, ханшаа тогтворжуул. Хоёрдугаарт, мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүл. Гуравдугаарт, хоёр хөрштэйгөө харилцаагаа сайжруул гэх гурван зөвлөгөө өгөхийг хүсч явдагаа хэвлэлээр дайжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна