Хятадын иргэд 1-р сарын 5-наас визгүй зорчих болсон талаар шуугиан дэгдэж, ГХЯ-наас мэдэгдэл гарснаар намжсан. Энэ бүхэн нь надад сэжигтэй санагдсан. Гэтэл шинэ мэдээлэл гарч ирлээ. Өөр нэр томьёоллоор визгүй зорчуулна гэж уг мэдээллийг ойлгож болохоор байна. Визийг Аялал жуулчлалын үнэмлэх гэдэг баримт бичиг орлох бололтой.
Мэдээлэлд: “Гадаад хэргийн яамны мэдэгдэлд Монголд зорчих хятад иргэдтэй холбоотой зарим асуудлыг бүрэн тайлбарлаагүй ажээ. Учир нь 2017 он гарахын өмнөхөн МАН-ын засгийн газар Хятад иргэдэд Монголд нэвтрэх жуулчны үнэмлэх олгох арга хэмжээ авахаар шийдсэн гэж эх сурвалжууд мэдээлж байжээ. Энэ талаар “Өдрийн сонин”-ы 2016 оны 11 дүгээр сарын 3-ны дугаарт бичсэн байна. Тус сонинд бичсэнээр: “Хятадын иргэд бүлгээрээ хил орчмын нутгаар Аялал жуулчлалын үнэмлэхээр зорчих нөхцөлийн тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах тухай засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Уг хэлэлцээрийн төслийг боловсруулж, БНХАУ-ын талтай хэлэлцээ хийхийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд зөвшөөрчээ” гэсэн байна.
Хятадуудыг бөөнөөр хүлээн авна гэдэг нь Монголд шөнийн зугаа цэнгээний газар байгуулахтай холбоотой гэнэ. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн МАН-ын Засгийн газар иргэд нь ядуу Монголд шөнийн зугаа цэнгээний салбарыг хөгжүүлж, казино байгуулах санаачлага гаргасныг хэд хэдэн эх сурвалж мэдээлэв. Энэ санал өнөөгийн засгийн газраас боловсруулсан эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийн төсөлд тусгагдсан ажээ.
Засгийн газрын дээрх саналыг УИХ-дахь МАН-ын олон гишүүн дэмжиж байгаа сураг байна. Гэтэл, МАН-ын засгийн газар Монгол улсаа Тайланд лугаа адил болгох санал хэрэгжүүлээд улс орноо хүндрэлээс гаргаж чадах уу гэдэг нь эргэлзээтэй төдийгүй харин ч мөрийтэй тоглоомын донтолт, хар тамхи, янхандалт, авлигыг дэлгэрүүлж, Монгол үндэстэнд гамшиг учруулах болно гэж үзэж байгаа улс төрчид байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Лу.Болд, Ч.Улаан нар казино байгуулах нь Монгол шиг улсад гамшиг дагуулж мэднэ гэж үздэгээ илэрхийлсэн ажээ” гэжээ. http://gashuun.mn/2695
Хятад иргэд визгүй зорчно гэсэн шуугиан саяхан дэгдэхэд баяслаа нууж чадахгүй байгаа хүмүүсийн үнэн мөн чанар, арилжаа наймаа, ажил төрөл нэмэгдэх болов уу гэсэн хувь хүмүүсийн горьдлого... гээд сонин сонин зүйлс ажиглагдсан билээ.
Хамаг баялгаа харьд бэлэглэж, хаягдсан үртэс үйрмэгийг нь хамж долоочихоод, ямар ч амьжиргааны эх үүсвэргүй болсны тул хүйтэн Таиланд болон хувирч, хятад цэнгээнчид тоглоомчдод эрчүүд нь зарцлагдаж, эмс охид нь үйлчилж амь зогоох цаг ирсэн юм гэж үү дээ? ЗГ, ГХЯ буруу зөрүү юм хийж байгаа бол больж, ахин мэдэгдэл хийнэ байгаа!
Ч.Мөнхбаяр
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна