Эрдэнэтийн шахаа
Эрдэнэтийн 49 хувийг улсын мөнгөөр, элдэв махинац хийн луйврын замаар авчихсан тухай зарласан Ц.Нямдоржийг хэдэн жилийн өмнө Н.Анхбаяр хэмээх хүүгээрээ дамжуулж шахаа хийсэн хэмээх мэдээг системтэйгээр тарааж байна. Энэ мэдээг нь уншаад бид "өө энэ чинь шударга гээд байсан чинь" энээ тэрээ гэж байгаад үндсэн асуудлыг нь мартах хандлагатай. Зүйрлэвээс бухал өвс хулгайлсан нь ширхэг сүрэл сугалсныгаа буруутгаад өнгөрөх мэт.
Гэхдээ Эрдэнэтийн шахаа гэдэг бол мөн чанартаа луйвар, хулгайн нэгэн төрөл мөн. Уг өртгөөс нь хэд дахин өндөр үнээр өгчихөөд зөрүүг нь халааслахад улсад орох байсан ногдол ашиг, татвар зэргийг хулгайлж буйгаас өөрцгүй. Өнгөрсөн жилүүдэд хичнээн улс төрч ийм үйлдэл хийж хайрлаж хөгжүүлэхээ амласан эх орноосоо хулгай хийсэн бол? Ингэхлээр иргэн надад нэг санал байна.
Эрдэнэтийн асуудал гадаад харилцаанд нөлөөлөхөө больсон (ОХУ-тай хамааралгүй болсон) энэ цаг үед тус үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн худалдан авалт, нийлүүлэлтийн 20 жилийн тайланг ил болгоцгооё. Энэ 20 жилд ямар улс төрчид шахаа нэрээр улсаа хохироосныг харцгаая. Энэ бол сураг төдий оффшор, нууцлалыг нь дийлэхгүй швейцарын банк зэргээс илүү бодитой зүйл.
Компанийн тухай хуулиар хувийн хэвшлийн хувьцаа эзэмшигчид нь олгогдсон эрх, мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар төрөөс шаардаж болох үүрэг мөн. Энэ чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд, тэмцэгчид, улс төрч хэнбугайд ч болов энэхүү саналыг ажил хэрэг болгоход хүчин зүтгэхийг уриалж байна.
ХУУЛЬЧ О.АЛТАНГЭРЭЛ
Сэтгэгдэл бичигдээгүй байна