З.Энхболд: Ч.Сайханбилэг бол сайн залуу, хүний үгэнд ордог

2017/01/24
УИХ-ын гишүүн асан З.Энхболд өчигдөр орой Цензургүй яриа нэвтрүүлэгт уригдаж байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр энэ үеэр С.Баярцогт болон АН сонгуульд ялагдсан шалтгааны талаар, “Надад эрх нь байсан бол би С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй байсан. Гэтэл С.Баярцогт “Чи намайг дэвшүүлэхгүй бол чиний ҮЗХ-г ирцгүй болгоод Ардчилсан нам ерөөсөө сонгуульд оролцохгүй болно шүү гэж айлгасан. ҮЗХ-д С.Баярцогтыг дагадаг фракц байдаг. Тэд гараад явчих юм бол Ардчилсан нам сонгуульд оролцохгүй байх аюултай байсан. Бүх тойрогт манай намын санал доошоо орсон нь оффшортой холбоотой” хэмээн ярив.

Мөн “Ч.Сайханбилэг танаас намын даргаа авъя гэдэг бичгийг Ерөнхий сайд болсныхоо дараа хүргүүлж байсан. Та яагаад намын даргыг нь өгөөгүй юм бэ” гэсэн асуултад, тэрбээр “Ч.Сайханбилэгт намын даргыг нь өгчихвөл Тавантолгойгоо аваад явчихна. Хулгайлчихна. Тэгээд би намын даргаа өгөхгүй байсан юм” хэмээн хариулсан бол “Ер нь улстөрчийнхөө үнэмлэмжийн хувьд Ч.Сайханбилэгийг та юу гэж үнэлдэг вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад, “За яах гэсэн юм дээ, хөөрхий амьтныг. Сайн залуу, хүний үгэнд сайн ордог. Буруу хүний үгэнд ороод л яваад байгаа болохоос. Тэр нэг  МCS энэ тэр гээд болохгүй улсуудын үгэнд ороод яваад байгаа. Монголын баялагийг хулгайлах гэсэн улсуудын үгэнд орж болохгүй ш дээ. Энэ чинь ард түмний баялаг байхгүй юу. МCS компанийн өөрсдийнх нь бүтээсэн баялаг биш. Яагаад байгалийн баялаг гэж нэрлэдэг вэ гэхээр байгаль өөрөө бүтээчихсэн учраас тэр. Байгалийн баялгийг монголчуудын өмч гээд Үндсэн хуульдаа заагаад өгчихсөн. Тийм байтал монголчууд бид 7.4  тэрбум нөөцтэй, нэг хүндээ хуваахаар 500 гаруй сая төгрөгийн үнэлэмжтэй баялгийг үнэгүй, бэлгэнд өгөх ёстой гэж. Тавантолгойнхоо нэг толгойг нь өгчихсөн ш дээ. Тэрийгээ ажиллуул даа” гэх хариултыг өгчээ. 

Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна