Хувийн хэвшлээ "хутгалж" шахаагаа зөвшөөрсөн АЖЛЫН ХЭСЭГ

2017/01/25
 
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс корпораци” ХХК худалдан авсантай холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсэг шалгасан. Уг Ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийг өчигдөр танилцууллаа. Гэвч мэдээлэл нь хэт нэг талыг барьсан, улстөржсөн утга агуулгатай байв. Хуралдаанаас хэдхэн цагийн дараа тус Байнгын х-рооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Миний хүү “Эрдэнэт” үйлдвэртэй гэрээ байгуулж, бараа зарсан нь үнэн. Би таньдаг хүнээсээ гуйж хүүдээ гэрээ байгуулж өгсөн” хэмээн хэнэг ч үгүй өөрийнхөө хийсэн шахааны бизнесийг хүлээн зөвшөөрлөө. Уг нь энэ хүн өмнө нь тус үйлдвэрийн талаар мэдээлэл хийхдээ “Надад ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй” хэмээж байсан удаатай. Гэвч “Эрдэнэт” үйлдвэрийн шахаанд гэр бүлээрээ оролцдогоо ийнхүү нотлочихлоо. Тендер зарлалгүйгээр “Эрдэнэт” үйлдвэрт бараа шахахдаа нэг бүр нь 50 мянган ам.долларын үнэтэй бүтээгдэхүүнийг бүр 300 мянган ам.доллараар өгсөн тухай мэдэх хүн нь хэлж байгаа юм. Мөн түүний хүү Н.Баясгалан ч тус үйлдвэрт бараа шахдаг бизнест оролцсон нь нийтэд ил болоод байна. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Ажлын хэсгийн гаргасан дүгнэлтэд албан хүчээр гарын үсэг зуруулсан тухай эх сурвалж хэлж байгаа.

“Эрдэнэт”-ийн 49 хувийн наймааг шалгасан Ажлын хэсгийн дүгнэлтэд гарын үсэг зурахаас татгалзсан хүний нэг нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан. Тэрбээр Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд хандан санал хүргүүлжээ. Уг саналд “ОХУ-ын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр" “Монгол росцветмет” ХХК-ийн эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монгол Улсын аж ахуйн нэгж болох “Монголиан коппер корпорэйшн,". ХХК-д худалдах асуудлыг шалгасан Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан санал хүргүүлж байна. “Эрдэнэт үйлдвэр" “Монголросцветмет” ХХК-ийн эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг шилжүүлэн авах үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдвол энэ нь тухайн гэрээ, хэлцлийг хүчингүйд тооцох, улмаар шилжүүлэн авсан хугацаа нь хуучин эзэмшигч Оросын талд буцаж шилжих үр дагавар үүсгэхээс бус Монгол Улсын Засгийн газрын мэдэлд шууд шилжих боломж байхгүй” гэжээ.

Тиймээс “Эрдэнэт үйлдвэр" “Монголросцветмет” ХХК-ийн эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг “Монголиан коппер корпорэйшн” ХХК-д шилжүүлэн авсан асуудал нь хууль зөрчсөн, эсэх талаар шүүхийн шийдвэр гараагүй байхад тухайн асуудлаарх Ажлын хэсгийн дүгнэлтэд гарын үсэг зурахаас татгалзсан" хэмээв. Түүнчлэн тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэсэн заалтыг зөрчиж буйг тэмдэглэжээ. Мөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т “Хөдлөх үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй" гэж заасныг Ажлын хэсгийнхэн зөрчсөн үйлдэл гаргаж байгаа аж. Түүний үзэж буйгаар Монгол Улсын хууль хяналтын байгууллага, зарим албан тушаалтан бусдын хувийн өмчид халдах, бизнесийн үйл ажиллагаанд нь зүй бусаар дарамт үзүүлэх үйлдэл өмнө нь ч цөөнгүй гарч байжээ.

Энэ удаа ч мөн өмнөх үйлдлүүдээ давтаж хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагаанд саад учруулах, дарамтлах үйлдэл гаргаж буй нь харамсалтай. Нэгэнт хуулийн хүрээнд хийгдсэн наймаа, хэлэлцээрийг дахин сөхөж, өмнөх засгийн ажлыг энэ удаагийн парламентын зарим гишүүн харлуулах гэсэн бусармаг үйлдэл болж байна. Ийм төрийн дарамт доор ямар ч хувийн хэвшил үйл ажиллагаагаа хэвийн явуулах, олон улсын худалдааны байгууллагатай хамтран ажиллахад бэрхшээлтэй болж байгаа юм.
 
   ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна