Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаа маргаан дагуулав

2017/01/26
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай, сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг дэмжсэнээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр нь ирэх зургадугаар сарын 26, гадаадад ажиллаж, амьдарч байгаа  монголчуудын саналыг ирэх зургадугаар сарын 10, 11-нд авахаар  тогтсон юм. 

Энэ үеэр  Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацааг 20 хоног байхаар  тусгасан асуудал маргаан дагуулсан юм. Зарим гишүүд  сурталчилгааны хугацааг хэт богино учир хүндрэлтэй гэж үзэж буйгаа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн  Д.Эрдэнэбат: Хуульдаа өөрчлөлт оруулаад сурталчилгаа хийх хоногийг нь сунгаж өгч болохгүй юу. Ийм өөрчлөлт хийхгүй бол 18-хан хоногт сурталчилгаа хийж  амжихгүй. Гурван нисдэг тэрэг гаргаж өгөхгүй л бол  боломжгүй.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг явж байтал Ардчилсан намын бүлэг завсарлага авсан, мөн энэ хуулийг нэг хүнд зориулсан, Үндсэн хууль зөрчсөн хууль болж байна гэсэн. Үндсэн хууль зөрчсөн буюу ямар нэг хувь хүн, бүлэг, улстөрийн намын эрх ашгийг хамгаалсан хууль оруулаагүй. Мөн гурван асуудалтай тулсан учраас Ерөнхийлөгчийн сонгуулийг хуучин хуулиар явуулъя гэж шийдсэн.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн: Сурталчилгааны хугацаа бага байгааг нэмэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгаад явж байсан. Хуулийн төсөл буцаагдсан учраас хоног хэвээр үлдсэн. Гэхдээ сурталчилгааны хугацааг 20 хоног  гэж ойлгоорой. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна