Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөж буй нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?
Намын даргын сунгаанд оролцогчдоос 250 сая төгрөг авах саналыг хамгийн анх эсэргүүцэж байсан хүн бол Ж.Батзандан. Гэсэн ч тэрбээр эцсийн мөчид уг мөнгийг хаанаас ч юм олж өгөөд сунгаанд оролцсон. Харин эх сурвалжийн мэдээлж байгаачлан Ж.Батзандан нь МАН-аас санхүүжилт авсан байж болзошгүй гэх. Энэ утгаараа МАН-д Ж.Батзанданг АН-ын даргаар томилуулах ашиг сонирхол бий бололтой.
Ж.Батзандангийн талаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, “Ж.Батзандан АН-ын дарга болвол албан тушаалын төлөө намаа зарчих байлгүй” хэмээн жиргэж байсан нь худлаа биш. Учир нь тэрбээр төрсөн ах Ж.Бат-Эрдэнийгээ Зам тээврийн төрийн нарийн бичгийн даргын суудалд “хадах”-ын тулд Н.Алтанхуягийн Засгийн газрыг МАН-тай нийлж огцруулах хуулийн төсөлд гарын үсэг зурсан байдаг. Энэ бүхнээс харахад Ж.Батзандангийн МАН-тай нөхөрлөсөн түүх эртнээс улбаатай аж.
Н.Алтанхуяг. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хүргэн, охидоо төрийн өндөр албан тушаалд томилж, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан, тендерийн мөнгө шамшигдуулсан, хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан гэх шалтгаанаар өдгөө АТГ-т шалгагдаж буй түүнд томоохон айдас бий. Энэ бол “II Н.Энхбаяр” болж оймсоо гозойлгох вий гэсэн түгшүүр.
Түүнийг улстөрийн хүрээнд АН-ын даргаар сонгогдох хамгийн магадлал өндөртэй хүнээр нэрлэж байгаа нь ч оргүй биш. Харин Н.Алтанхуягийг АН-ын дарга болгохгүй байх сонирхол Ц.Элбэгдорж нарт байгаа нь хэнд ч ойлгомжтой болсон. Энэ утгаараа Н.Алтанхуягийг Ц.Элбэгдорж шударга бусын хонгил руу түлхэн оруулахаар хууль хүчний байгууллагад үүрэг өгч, турхирч суугаа талаар учир мэдэх хүмүүс ярьж байна.
Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн Н.Алтанхуягт Ерөнхийлөгч болохоос илүүтэй АН-ын дарга болох ашиг сонирхол түлхүү байхыг үгүйсгэхгүй. Энэ нь идэж, уусан гэх хэрэгт сэжиглэгдэн АТГ-ын үүдэнд дараалал үүсгэн зогсож буй ах, дүү нарынхаа “хөлийг амраах” хүсэлтэй нь холбоотой гэнэ.
Лу.Гантөмөр. Намын даргад нэр дэвшигч Ж.Батзандан түүнийг нэгэн уулзалтын үеэр, “Бөлдөгдүүлсэн, төмсөгдүүлсэн, аймхай хүн” хэмээн цоллоод авсан. Тэгвэл Лу.Гантөмөр Ж.Батзандангийн хэлсэнчлэн хэнд “бөлдөгдүүлсэн” байж таарах вэ. Нэгдүгээр хүнд үү? “Бөлдөгдүүлсэн” ч бай, үгүй ч бай Лу.Гантөмөрийг энэ удаад Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч илт дэмжиж байгаа нь үнэн гэнэ.
Түүнчлэн фракцгүй Ардчилсан намын төлөө “Нэг ардчилал” хэмээх фракцаа татан буулгасан Л.Гантөмөрийг М.Батчимэг, Х.Тэмүүжин тэргүүтэй татан буугдсан фракцийн нөхөд нь илэрхий дэмжсээр байгаа нь "Нэг ардчилал"-ын татан буугдалт нэр төдий хэлбэрийн зүйл байсан бололтой.
С.Эрдэнэ. УИХ-ын дарга асан З.Энхболд саяхны нэгэн өдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ АН-ын даргад УИХ-ын гишүүн хүнийг сонгох хэрэгтэй хэмээх уриалга маягтай үг хэлсэн нь цаагуураа, “Та бүхэн С.Эрдэнийг дэмжээрэй” гэж байгаа мэт сонсогдож байв. З.Энхболдын тухайд С.Эрдэнийг намын дарга болгох хүсэл сонирхолтой. Учир нь С.Эрдэнэ намын дарга болвол бяцхан дарангуйлагчийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх зам нь засагдана. Түүний ард Шонхор, МоАХ гэх фракциуд байгаа агаад энэ талаар нийтлэлч Д.Батбаяр нэгэн өгүүлэлдээ, “Хөрөнгө мөнгө үл хайрлан зүтгэх С.Эрдэнийн ард хоёрын хоёр хүний ашиг сонирхол бий. Өдгөөх дарга З.Энхболд, “Женко” Х.Баттулга нар хамаг бооцоогоо түүн дээр тавьжээ. Бас “Буян”-гийн Б.Жаргалсайхан хэдэн хямдхан хясаа түлхэсхийгээд додигор сууна” хэмээн бичсэн удаатай.
АН-ын шинэчлэлийн төлөө гэх уриан доор явагдаж буй энэ удаагийн намын даргын сунгаанд өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн талаар товчхон өгүүлэхэд ийм байна. Угтаа тэдэнд АН-ын шинэчлэл тийм ч чухал бус агаад өөр, өөрсдийн ард нуугдаж буй ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд намын дарга болохоор тэмцэлдэж буй дүр зураг ажиглагдах болсон нь нэгэнт нууц биш болжээ.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна