​У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат хоёр МАН-ын даргын суудлын төлөө нэгийгээ үзэлцэнэ

2017/02/08
МАН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын дарга М.Энхболдыг өрсөлдүүлэх нь нэгэнт тодорхой болсон гэнэ. Олон нийтийн дунд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Ерөнхийлөгчийн сонгуульд  өрсөлдөх болов уу гэсэн хүлээлт бий. Ийм бодол Ц.Нямдоржид өөрт нь байхыг ч үгүйсгэхгүй. Тэгвэл Ц.Нямдорж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолгүй байгаа бөгөөд суларч үлдэх УИХ-ын даргын суудлыг авах сонирхолтой байгаа гэдгийг МАН дахь эх сурвалж хэлж байна.  

М.Энхболд нэгэнт Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, улмаар "ялалт байгуулах" тул МАН-ын даргын тамгыг цаашид хэн атгах вэ гэдэг асуулт анхаарлын тэмдэг дагуулах нь ойгомжтой. Тэгвэл өдгөө энэ асуудал нь Ерөнхийлөгчийн сонгуулиас илүүтэй МАН-ын дарга нарын дунд толгойны өвчин болоод байгаа гэнэ.

М.Энхболдын тухайд намын даргын суудлаа одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өвлүүлэх сонирхолтой байгаа аж. Түүний хүслээр цаашид Ж.Эрдэнэбат МАН-ыг удирдах аваас гүйцэтгэх засаглалын тэргүүн нь олонхийн буюу эрх баригч намын тэргүүн байна гэдэг парламентийн бүгд найрамдах улсын сонгодог зарчим хангагдах юм.

Гэвч үүнийг “У.Хүрэлсүхтэнгүүд” эрс эсэргүүцэж байгаа сурагтай. Учир нь сонгуулийн өмнө М.Энхболдын зүгээс У.Хүрэлсүхэд, “Нам энэ удаагийн сонгуульд ялалт байгуулбал та Ерөнхий сайд болж гүйцэтгэх засаглалаа тэргүүл” гэдэг утгатай амлалтыг өгч байсан гэх. Харамсалтай нь М.Энхболд эцсийн мөчид хэлсэн амлатаа биелүүлээгүй бөгөөд түүнд Шадар сайдын суудал санал болгож, хэний ч санаанд ороогүй Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад дэмжүүлсэн нь У.Хүрэлсүхийг гомдоож орхисон гэдэг.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгууль гэх боломж дээр дөрөөлж, У.Хүрэлсүхийн тухайд намын даргын эрх мэдлийг авах, улмаар гүйцэтгэх засгийн тэргүүн болох өнө эртний "улстөрийн тачаал"-аа биелүүлийн тулд энэ удаад юу ч хийхээс буцахгүй нь тодорхой.  

АН-ын дарга асан З.Энхболд саяхан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг үгэнд ордог сайн залуу хэмээн магтангаа матаад авсан. Яг үүн шиг Ж.Эрдэнэбат ч бас М.Энхболдын үгэнд ордог сайн залуу нь гэх юм билээ. Хэрэв энэ үнэн бол М.Энхболд итгэлт хүн Ж.Эрдэнэбатад намаа даатгаж үлдээгээд өнгөрсөн хугацаанд нам дотроо бий болгосон нөлөөллийн хүрээгээ цаашид хадгалж үлдэхийг хүсэх нь хэнд ч ойлгомжтой асуудал юм.

Энэ өнцгөөс харвал МАН-ын дараагийн удирдагчийн сунгаанд У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат гэдэг хоёр хүн өрсөлдөж, нэгийгээ үзэлцэх нь нэгэнт тодорхой ажээ.

Х.Онон                    


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна