Д.Энхжин: Би аавынхаа хүслийг гүйцээж жүжигчин болно

2017/02/12
“Хэн нэгэн иргэний хөрөг” телевизийн нэвтрүүлэгт оролцон амьдрал болон гэр бүлийнхээ төлөө тэмцэж буй энгийн сайхан яриагаараа олон хүний сэтгэлийн нандин учгийг хөндсөн “Улаанбаатар такси” компанийн жолооч Т.Даваасүрэн агсны том охин Д.Энхжинтэй ярилцлаа. Түүний гэгээн дурсгалд зориулж “Про стар” филм “Сайн аав” хэмээх кино хийснийг бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тус кинонд түүний том охин Д.Энхжин өөрийнхөө дүрийг “бүтээсэн” юм.

-Өөрийнхөө дүрд тоглосон гэхээр их сонирхолтой байна. Жүжигчид дандаа хэн нэгний дүрийг л амилуулдаг шүү дээ.

-Өөрөө өөрийнхөө дүрд тоглохоор нэгэн бодлын сонирхолтой. Нөгөөтэйгүүр туулсан бүх амьдралдаа эргэж очсон гэсэн үг. Цаг хугацаа эргээд, өнгөрсөн бүх дурсамжуудаараа аялахад сайхан байсан. Харин хамгийн хэцүү нь аав минь өнгөрөөд удаагүй байсан болохоор тэр хүний орон зай үгүйлэгдээд, тэр хүнтэй холбоотой дурсамжууд сэдрээд сэтгэл эмзэглээд хүндрэлтэй байсан. Наад зах нь л гэнэт зурган дундуур аавыгаа үгүйлээд уйлах явдал элбэг байлаа. Бүр цаанаасаа гэнэт санаад нулимс өөрийн эрхгүй урсаад л байсан. Тэгэхэд манай кино багийнхан намайг дагаад эвгүй болдог. Тиймээс би уйлахгүйг аль болох хичээсэн. Жүжигчний мэргэжлийн хэцүүг би мэдэрсэн. Шөнө орой, хүйтнийг ч ажрахгүй зураг авалтандаа гардаг юм билээ. Даарсан ч даараагүй юм шиг царайлаад зургаа авахуулах ёстой байдаг. Харин өөрөө өөрийнхөө дүрд тоглосон болохоор бусад хүмүүс шиг дүр дээрээ судалгаа хийх ч юм уу шаардлага байгаагүй. Яг л өөрийнхөөрөө байхад болсон.

-Чиний дүр ихэвчлэн баяр баясгалантай байдаг дүр. Гэтэл дундуур нь сэтгэл санаа нь хямраад уйлчихаад буцаад дүрдээ орох амаргүй байсан байх. Тийм үү?

-Тиймээ. Хэцүү байсан. Зураг авалтын үеэр аавыгаа маш их санасан. Тэгээд уйлж, уйлж дахиад л нүүр будалтаа хийлгээд зургандаа ордог. Тэр их санасан сэтгэлийг энэ кино өчүүхэн хувь ч гэсэн нөхөж чадсан. Аавын минь дүрд тоглосон С.Баттулга ах аавтай минь дэндүү ижилхэн. Машин дотроо сууж байгаа нь, бид хэдтэй тоглож байгаа нь хүртэл их адилхан байсан.

-Энэ тухай кино хийх талаар сонсоод хэрхэн хүлээж авч байв?

-Аав өнгөрөөд 49 хоног нь болсны дараа ээж нэг гоё кино хийе гэж надад хэлж байсан. Тэгтэл төд удалгүй манай киноны зохиолч С.Бүжин эгч ээж рүү яриад, энэ киног хийхээр болсон. Ээж бүр гурван сараас эхлээд киног хийх гэж явсан. Бараг л найруулагчтай хамт амьдарсан даа. Өөрсдийн амьдралын бүх дурсамжаа ярьж өгч, зөвлөж явсан.

-Анх энэ кинонд чамайг тоглуулах санаа хэрхэн төрсөн юм бол?

-Аав өөрөө жүжигчин болж чадаагүй болохоор намайг жүжигчин болгоно гэдэг байсан. Аавынхаа тэр мөрөөдлийг биелүүлж, жүжигчин болно гээд би өөрөө шийдсэн болохоор би өөрөө өөрийнхөө дүр дээр ажиллаад үзье гэж шийдээд энэ кинонд тоглосон. Би өөрийнхөө дүрд тоглоё гэхэд найруулагч ч гэсэн дуртай хүлээж авсан. Хүүхдүүдийн проб авч байхад надаас аваагүй. Угаасаа тоглуулъя гэж бодсон юм шиг байна билээ. Миний доод талын дүү Мөнхжинд тоглосон хүүхэд бол надаас ах байсан. Тэгсэн хэрнээ миний дүү болж тоглосон. Үнэхээр сайн жүжиглэдэг. Бас хамгийн бага дүүд тоглосон Марка цэцэрлэгийн насны хүүхэд гэхэд маш мундаг жүжиглэдэг юм билээ. Ер нь би энэ киногоороо жүжигчин болох анхны гараагаа тавьсан гэж бодож байна. Удахгүй гурван сард Хүүхдийн ордонд нэг бүжгийн тэмцээн болох юм. Түүнд ганц, хоёр бүжиг бүжиглэж оролцоно.



-Зураг авалтын хамгийн хэцүү хэсэг нь аль байв?

- Хамгийн сүүлчийн зураг авалтыг хийж байхад -45 хэмийн хүйтэн байсан. Тэр хүйтэнд хүүхэд, томгүй бүгд даарсан. Кино багийнхан халуун савтай аарцыг хэд хэдээр нь авч ирээд зураг авалт дуусмагц аягалж өгч байсан.

- Энэ киногоор дамжуулж ээж, аав хоёрынхоо дурсамжийг хийгээд энэ амьдралыг ямар үнэ цэнэтэй босгосныг мэдэрсэн байх даа.

-Тийм ээ. Мэддэггүй зүйлс их байсан юм билээ. Бас аав харваад удаагүй эмнэлэгт байхад ээжийн дүү Отгоо эгч аавыг эмнэлгээс нь оргуулаад шинэ жилээр гэрт авч ирж байсныг энэ кино хийгдэх үеэр л мэдсэн. Бас тэр шинэ жилийн орой хүслээ боддог хэсэг их гоё. Аав тэр орой “Аав нь нэг орос арга мэднэ” гээд он гарахаас өмнө цаасан дээр нэг хүслээ бичээд шатаагаад, шатааснаа оргилуун дарсандаа хийгээд уусан. Тэгэхээр хүсэл нь биелдэг гэсэн. Тэгсэн чинь яг бидний хүсэл үнэхээр биелсэн. Харин аав оргилуун дарсаа задлах гээд бичсэн хүслээ хийж амжаагүй юм билээ. Тэрэн дээр жаахан харамсал төрөөд байдаг юм. Магадгүй бичсэн хүслээ хийж амжсан байсан бол... гэж бодогддог.

-Энэ киноны нэрийг яагаад “Сайн аав” гэж өгсөн юм бэ. Ямар нэгэн дурсамжтай холбоотой юу?

-Аав нэг шагнал авч ирсэн. Кинон дээр хүртэл гардаг шүү дээ. Тэгэхэд манайхан гэр бүлээрээ “Сайн диназавр” гээд кино үзсэн. Тэр киноны үйл явдал дээр аав нь нас бараад гэр бүлийнхэн нь үлддэг. Яг тэр киног үзэж байхад “Аав нь ингээд өөд болчихвол яах уу” гэж байсан. Тэгээд бид нар та юу гэж ингэж байдаг юм гээд л өнгөрсөн. Харин дараа нь яг л аавын хэлсэн шиг юм болсон болохоор тэр киноны нэрэн дээр өөрчлөлт хийгээд “Сайн аав” гэж нэрлэсэн. Энэ кино манай амьдралыг л бүрэн тусгасан. Ээж, аав хоёр танилцаж байх үед нэг автобус гардаг шүү дээ. Түүнийг олох гэж ёстой бөөн юм болсон. Тэгсэн чинь Эрдэнэт хотоос нэг хүн утасдаад манай энд зөндөө тийм автобус байна гэсэн. Түүний дагуу бид очиж зураг авсан. Одоо үеийн автобусны буудал хүртэл гоё болсон болохоор зураг авах газар олдохгүй бас Эрдэнэт хотод зураг авалт хийсэн. Аав “Бадарчин” гээд студийн найруулагч тэгээд ээж аав хоёр хөдөө орон нутгаар явж тоглолт хийдэг байсан юм билээ. Тэгэхээр би ээж, аав хоёрынхоо дутууг гүйцээж, хүсэл мөрөөдлийг биелүүлж, мундаг жүжигчин болохыг зорьж байна. Аав “Нэг кино хийчих юмсан”, “Нэг сайхан кинонд тоглочих юмсан” гэдэг байсан. Юу ч тохиолдсон огтхон ч гутардаггүй, болохгүй байсан ч “Болно оо, болно. Үүнээс илүү сайхан амьдрал гэж юу байсан юм” гэдэг байлаа. Энэ үг нь их л үнэн, сайхан санагдаж, байнга бодогдож явдаг даа. Хүн ер нь байгаа юмандаа л сэтгэл хангалуун байх хэрэгтэй гэдгийг аав ойлгуулсан. Эцсийн эцэст элэг бүтэн амьдрал хамгийн том жаргал юм билээ.
ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна