С.Батцэцэг шигшээ багийн тамирчдын нэрсийн жагсаалтаас өөрийн хүсэлтээр нэрээ татжээ

2017/02/14
БСШУС-ын сайдын тушаалаар үндэсний шигшээ багуудын ахлах дасгалжуулагч болон дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж дуусаад байна. Албан ёсоор тамирчид, дасгалжуулагчдын нэрсийг зарлаагүй байгаа.
 
Харин чөлөөт бөхийн холбоо 2017 оны шигшээ багийн тамирчдыг зарласан байна. Энэ үеэр МУГТ С.Батцэцэг шигшээ багийн тамирчдын нэрсийн жагсаалтаас  өөрийн хүсэлтээр нэрээ татаж авчээ. Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудсандаа тайлбар бичжээ.
 
Тэрбээр "Соронзонболд Батцэцэг миний бие нь чөлөөт бөхийн спортоор 2006 оноос эхлэн хичээллэж эхэлсэн. 2009 онд үндэсний шигшээ багийн тамирчнаар сонгогдож байсан. Үүнээс хойш баг хамт олон, МУ-ын засгийн газар, салбарын яам төрийн байгууллагууд, чөлөөт бөхийн холбоо, ачит багш нарийнхаа болон бөхөд хайртай монголчуудынхаа дэмжлэгтэй олон сайхан амжилтанд хүрсэндээ маш их баяртай байдаг
 
Шигшээ багийн тамирчин болох тэр үед надад маш их урам зориг үүнийг дагаад маш том хариуцлага ирж байгааг ойлгож өдөр бүр их хичээж бэлтгэл сургуулилтаа сайн хийдэг болсон. Амжилтаа богино хугацаанд гаргаж Одоогоор Дэлхийн 2 алт, 1 мөнгө, Олимпийн хүрэл, оюутны универсиад наадмын алт гэх мэт амжилтуудыг гаргасан байгаа.
 
Энэ амжилтыг маань МУ-ын Ерөнхийлөгч, төр засаг, ХХЕГ-ын Хилчин спорт хороо, Чөлөөт бөхийн холбоо, Бөхөд дуртай хувь хүн компаниуд өндрөөр үнэлсэн тогтмол цалин авдаг. Тийм болохоор би өнөөдөр миний оронд 1 тамирчин шигшээ багт ороод миний мэдэрсэн тэр мэдрэмжийг мэдрээд амжилт гаргаасай гэж хүсээд 2024 оны олимпод амжилт гаргах дүү нараа урамшуулах хурцлах зорилготой ийм шийдвэр гаргасан байгаа.
 
Чөлөөт бөхийн холбоо болон шигшээ багийн дасгалжуулагч багш нарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм огт байхгүй. Мөн би барилдахаа болих цаг болоогүй ээ. Токио 2020 оны олимпын наадмын шинэ цикл эхэлж байна. Миний хувьд бэлтгэлээ маш сайн нягт хийнэ. Албан бус шигшээ багт орж бэлтгэл цугларалтанд бүрэн хамрагдана. Цалин авахгүй л болхоос шигшээ багийн тамирчин хэвээрээ байгаа. Энэ санааг маань ОУХМ Э.Сумъяа, ОУХМ Ш.Түмэнцэцэг 2 найз маань дэмжээд бид 3 жаахан хүүхэд барилдаж эхэлж байсан үеэ бодоод ийм шийдвэр гаргасан.Чадахаараа өөрсдийнхөө хэмжээнд хүмүүст тус болох хүсэлтэй энгийн тамирчид. Муугаар бодож бүү хардаасай” хэмээн бичжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна