Дэлхийн телевизийн салбарын хамгийн том контент "The Voice" шоуг "Авьяаслаг Монголчууд" шоуг хоёр жил дарааллан амжилттай зохион байгуулсан "Монгол ТВ"-ийн уран бүтээлчид эх орондоо хийхээр болжээ. Голланд улсаас гаралтай "The Voice" шоу нь анх 2010 онд зохиогдож өдгөө дэлхийн 62 улсад хийгдээд байгаа аж. Энэхүү шоу нэвтрүүлэг нь “Авьяас, Чанар, Чадвар” гурвын төгс хослолоос бүрдэх бөгөөд “Зөвхөн шилдэг” -үүд оролцдогоороо бусад авьяас тодруулах шоунаас ялгаатай аж.
Энэ талаар "Монгол ТВ"-ийн захирал Ч.Номин “Шоуг 2015 оноос энэ төслийг хийхээр хөөцөлдөж эхэлсэн юм. Бүтэн жил хэлэлцээр хийсний дараагаар сүүлийн таван сарын хугацаанд гэрээний нөхцөл болгон дээрээ тохиролцоонд хүрч өнгөрсөн сард гэрээгээ эцэслэлээ. Нэвтрүүлгийн бэлтгэл ажлыг хангах сургалт хоёрдугаар сарын 18-нд эхлэх гэж байна” хэмээн ярьжээ.
Энэхүү шоунд дуулахыг мөрөөдөгсөд бус жинхэнэ дуулах авьяастай нь өрсөлдөх гэнэ. Тус шоуны шалгаруулалт, телевизээр гарах эхний шат буюу сонсох шат, хоёрдугаар шат буюу халз тулаан, гуравдугаар шат буюу хагас шигшээ амьд тоглолт, финал гэсэн дөрвөн үе шаттай. “The Voice” шоунд оролцогчдыг эфирт гарахаас өмнө хоёр удаа урьдчилсан шалгаруулалтад оруулах гэнэ. Шоуг 2018 онд үзэгчдэд хүргэхээр төлөвлөжээ.
Шоуны онцлогууд:
• Оролцогчид зөвхөн дуулах жинхэнэ авьяастай байх
• Оролцогчдыг зөвхөн дуу хоолойны чадвараар шалгаруулах
• Шоунд Зөвлөх шүүгч ажиллах бөгөөд Зөвлөх шүүгчид оролцогчдоос бүрдсэн “Тусгай баг”-ийг бий болгох
• Жинхэнэ өрсөлдөөн зөвхөн оролцогчдын дунд бус зөвлөх шүүгчдийн дунд мөн адил өрнөдөг
• Бүх оролцогчид амьд хөгжмийн хамтлагтай дуулдаг
• Дэлхийн хэмжээний авьяастан болох алтан боломж
Монгол телевиз нь The Voice шоуг дэлхийд тэргүүлэгч контент нийлүүлэгч Talpaгаас авч байгаа юм байна. Энэхүү шоу бол Монголын урлагийн салбарт томоохон өөрчлөлтийг авчрах болно хэмээн зохион байгуулагчид хэлж байна. The Voice шоуг эх орондоо зохион байгуулах “Монгол телевиз” нь 2007 оноос эхлэн Телевизийн өргөн нэвтрүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд “Монгол ТВ” телевиз нь Монголд анх удаа оюуны өмчийн онцгой эрхтэйгээр дотоод гадаадын бүхий л контентуудыг худалдан авч, дуу дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэхээс гадна дэлхийн томоохон шоу нэвтрүүлгийн форматаар Үндэсний хэмжээний шоу нэвтрүүлгүүдийг амжилттай бүтээж, Монголын нэвтрүүлгийн стандартад шинэчлэл хийж байгааг үзэгчид маань мэдэж байгаа бизээ.
Түүнчлэн гадаадын кино студи болон интертаймент студиудтэй гэрээ байгуулан албан ёсоор хамтарч дэлхийн томоохон шагнал гардуулах ёслол, шоу арга хэмжээг шууд дамжуулдаг нь үзэгчдийн хүртлээл болсоор байгаа. Максима Медиа-аас гаргасан телевиз үзэгчдийн 2015 оны судалгаагаар Улаанбаатар хотын нийт үзэгчид буюу 1 сая хүний 320 мянган үзэгч хамгийн дээд талдаа нэгэн зэрэг телевизийн сувгийг үздэг тухай мэдээлсэн.
Тэгвэл Монгол Телевизийн Авьяаслаг Монголчууд 2016 шоу нэвтрүүлгийг Монгол Улсын нийт хүн амын 80 хувь нь нэгэн зэрэг үзсэнээр телевиз үзэлтийн улсын хэмжээний рекордыг тогтоожээ. Ингээд тун удахгүй Монгол телевизийн зохион байгуулсанаар “The voice of Mongolia” шоу нэвтрүүлэг үзэгч бидний сонорыг мялааж цэнхэр дэлгэцийн урд уяах цаг ирэх нь ээ.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна