Казино байгуулсан гэх байрыг хувийн компани түрээсэлж байжээ

2017/03/07
Москва дахь Монголын консулын мэдлийн байранд казино ажиллуулж байсан тухай мэдээлэл цацагдсантай холбогдуулан ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга  Д.Даваасүрэн өнөөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр  “Монголын консулын байранд казино байгуулсан зүйл байхгүй. Казино байгуулсан гээд байгаа байрыг 2007 оноос хойш ОХУ-ын Центр Ригон гэдэг компани түрээслэж байгаа. Уг байрыг Москва хотын захиргаа, Мэргэжлийн байгууллагуудын зүгээс ашиглах боломжгүй гэсэн. Тиймээс уг компани засч янзлаад түрээсэлсэн.  

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил гарч байгаа мэдээллүүдийг үнэн бодитой эсэхийг шалгуулахаар ОХУ-д суугаа Элчин сайд Дэлгэрмаа болон Элчин сайдын яамны ажилтнуудад үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу Элчин сайдын яамны ажилтнууд Центр Ригон компаний түрээслэж байгаа байранд шалгалт хийсэн байна лээ. Шалгалтаар казино байгуулсан зүйл илрээгүй. Харин түрээслэж байгаа компаний зүгээс “Бид казино байгуулсан зүйл байхгүй. Ташаа мэдээлэл байна” гэх тайлбарыг өгсөн. 

Бид нягтлан тодруулах шаардлагатай гэсэн чиглэл өгсөн. Одоогийн байдлаар сайтуудаар гарсан мэдээллийг бодит бус, хууль эрх зүйн үүднээс нотлогдоогүй байна гэж үзэх үндэслэлтэй. ОХУ-ын цагдаагийн газар асуудлыг шалгаж, шалгалтын хариугаа манай талд албан ёсоор өгөх ёстой. Одоогоор хариу ирээгүй байна” гэх тайлбар хийлээ.

Уг байр нь 1300 гаруй мкв талбайтай бөгөөд 10 гаруй компани түрээслэх хүсэлтээ өгч байснаас Ценрт Ригон компани шалгарч  түрээсэлж байсан бөгөөд түрээсийн хугацаа нь энэ оны есдүгээр сард дуусах байсан юм байна. 
 
Б.Сондор 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна