Төмөр замын тээврийн үйлчилгээний нэгдсэн сүлжээг бий болгоно

2017/03/11
Нийслэлийн иргэдийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, нийслэлийн зам, тээврийн сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, эрэлтэд нийцсэн тээврийн үйлчилгээг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд Зам, тээврийн хөгжлийн яам Улаанбаатар хоттой хамтран ажиллахаар боллоо. Ирэх 4 жилд зам, тээврийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Хоёр тал хамтран Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн, авто зогсоолын тоо, багтаамжийг нэмэгдүүлэх, хотын ачаа тээврийн нэгдсэн логистикийг хөгжүүлэх, авто тээвэр, агаарын тээвэр, төмөр замын тээврийн үйлчилгээний нэгдсэн сүлжээг бий болгох замаар нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрэлтэд нийцсэн, хүрээлэн буй орчинд ээлтэй тээврийн ухаалаг систем, тээврийн шинэ үйлчилгээ нэвтрүүлэх зэрэг олон ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын зам тээврийн салбарт бид томоохон зорилтуудыг тусгасан байгаа. Энэ онд багтааж шинэ нисэх онгоцны буудлаа хүлээн авах болно. Үүнийг нийслэлтэй холбосон тээвэр логистикийн сүлжээг бий болгох зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн нийслэлийн дундуур дайран өнгөрөх төмөр зам тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. Төмөр замыг нийслэлийг тойруулан гаргах ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан зорилт бий. Эдгээр асуудал дээр хэрхэн хамтран ажиллах талаар санамж бичигт тусгагдсан байгаа. Үүнээс гадна агаарын бохирдлыг бууруулах тал дээр анхаарч нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан болон хий түлшийг хэрхэн нэврүүлэх тал дээр Зам тээврийн хөгжлийн яамтай бодлогын хүрээнд хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай” хэмээлээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан зам, тээврийн салбарт дээрх чиглэлээр хамтран ажилласнаар нийслэлийн иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцлийг бүрдүүлж, тээврийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох боломж бүрдэх ач холбогдолтой. Хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн томоохон зорилтыг бид шийдэж ажиллана” гэдгийг онцолж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.182.124
    2021/01/16

    Өөр тээвэрт саадгүй суух боломжоор хангаж төмөр замаа сонгодог тээвэр болгож чадвал түгжрэлээс гарч чадна

    Хариулах