Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригаас буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөс эхлэн Лондон хот дахь Монгол улсын Элчин сайдын яамны гадаа тус улсад ажиллаж амьдардаг Г.Ичинхорлоо гэх Монгол эмэгтэй тайван жагсаал хийж буй. Тэрбээр тус улсад Элчин сайдаар томилогдсон Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг эсэргүүцэж байгаа юм.
Жагсаал одоог хүртэл цагийн хуваарийн дагуу үргэлжилж байгаа бөгөөд жагсаалд оролцогчдын тоо өдөр өдрөөр нэмэгдэж байгаа аж. Цахим орчинд Монголчуудын дэмжлэгийг аваад байгаа Г.Ичинхорлоотой medee.mn сайт ярилцлага хийжээ.
Тэрбээр ярилцлагадаа “Америк улсад худалдаж авсан, зарсан долоон байрыг нь Голомт.мн сайт буюу УИХ гишүүн байсан Г.Уянгын нийтэд мэдээлж, АТГ шалгахыг шаардсан эх сурвалжийг би өөрөө интернэтээр орж харсан л даа. Бас олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн эх сурвалж дээр охидууд нь оффшор данснуудтайг харсан. Үнэхээр л ороод харахаар нүдэнд илт харагдаад байна. Тэгээд Монголынхоо байдлыг харьцуулаад л үз л дээ... Асуух, шалгах эрхтэй шүү дээ. Хариулахгүй бол энэ талаар судалмаар байна. Цааш нь мэдмээр байна. Би цаг заваараа “International Compliance Association” гэдэг олон улсын санхүүгийн гэмт хэргийн эсрэг мэргэжилтэн бэлтгэдэг мэргэжлийн байгууллагын хичээлүүдээс судалж байгаа. Эндээс харахад мөнгө угаасан гэж харагдаж байгаа үйлдлүүд л дээ.
Тиймээс насаараа улс төрч байсан энэ хүн энэ их хөрөнгийнхөө эх үүсвэрийг нийтэд ойлгомжтой болгохгүй бол би элчин сайдаар ирэхийг чинь эсэргүүцэж байна гэж байгаа юм. С.Баяр гуай өөрийнхөө нэр төрийг хамгаалаад хуулийн дүрмийн дагуу хөрөнгийнхөө эх үүсвэрийг ил болгож нэр цэвэр гэдгээ л Монголын ард түмэнд баталчихвал миний эсэргүүцэл дуусна" хэмээн ярьжээ.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна