Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ

2017/03/13
Сүүлийн жилүүдэд Монгол улсын Засгийн газар эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог сайжруулахын тулд идэвхитэй арга хэмжээ авч эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа аж.

Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл нь Монгол Улс, Япон Улсын засгийн газар хоорондын гэрээний дагуу 2015 оны 5 сараас эхлэн  5 жилийн хугацаанд хэрэгжих юм байна. Энэхүү төслийн үйл ажиллагаа нь голчлон эмч нарт чиглэсэн ба төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулснаар анхан ба хоёр дахь шатлалын эмнэлэгт үзүүлж буй тусламж үйлчилгээ сайжирна гэж үзжээ.

 “Эмнэлзүйн сургагч багш” нь сурган заах арга эзэмшсэн удирдагч багш байх ба Япон Улсад төгсөлтийн дараах эмнэлзүйн эхний 2 жилийн сургалт болон резидентийн сургалт явуулахад томоохон үүрэг хүлээн ажилладаг. Төслийн үйл ажиллагааны хүрээнд Япон улсад зохион байгуулагддаг “Эмнэл зүйн сургалт удирдагч багшийн сургалт” –ын хөтөлбөрийн дагуу Монгол Улсын нөхцөл байдалд тохируулж  гурван өдрийн сургалт  зохион байгуулж байна.

Сургалт

• Лекц (PLS – plenary session буюу нэгдсэн хэлэлцүүлэг)
• Багаар ажиллах, багийн ажлын үр дүнг тайлагнах (SGD – small group discussion буюу багийн хэлэлцүүлэг) хэлбэрээр өнөөдрөөс эхлэн энэ сарын 15-ны хооронд ЭМХТ-ийн байранд  болж байна. 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна