Өвөрхангайчуудын сар шинийн золголт боллоо

2017/03/13
Шинийн 15-ны билигт сайн өдөр  буюу өчигдөр Өвөрхангай аймгийн Нутгийн зөвлөлөөс зохион байгуулдаг сар шинийн нэгдсэн золголт АСА циркт боллоо.

Жил бүр уламжлал болгон зохион  байгуулдаг сар шинийн золголтод Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд тэргүүтэй аймгийн удирдлагууд,  тус аймгаас төрөн гарсан улстөр, урлаг соёл, спорт,  нийгмийн салбарын зүтгэлтнүүд, Улаанбаатарт оршин суугаа  Өвөрхангай аймгийн уугуул, суугуул ахмадууд  оролцлоо.

 Золголтын хүндтэй зочдоор УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Их аварга Асашёорюү Д.Дагвадорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд нар хүрэлцэн ирсэн байлаа. Золголтын үйл ажиллагааг нээж, УИХ-ын гишүүн, Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Чинзориг “Энэ билэг дэмбэрэлтэй сайн өдөр уламжлалын дагуу бид "Алтан унжлагат" хэмээгч гал тахиа жилийнхээ сар шинийн золголтыг хийж байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн нутгийн ахан дүүс, ахмад буурлууддаа баярлалаа. Улиран одож буй гал бичин жил манай өвөрхангайчуудын ажил үйлс бүтэмжтэй, өнгөтэй сайхан байсан. Тухайлбал, манай аймгаас олон гавъяат төрөн гарсан. Өвөрхангайчууд ардын хувьсгалын баяр наадмын морь, бөх, сурыг бүгдэд нь өнгөлсөн, Засгийн газрын тогтоолоор улсын аварга малчин, саалчин 10 шалгарсан гээд олон сайхан амжилт бүтээлээр үдлээ. Учран золгож буй гал тахиа жилдээ бид олон ажил, амжилтын эзэд байх болно гэдэгт би итгэлтэй байна” гэлээ.

Тэрбээр, мөн энэ үеэрээ гал тахиа жилд нутгийн зон олноо хоёр зүйлд хамтран ажиллахыг уриалж байсан юм. Тодруулбал, энэ жил Арвайхээр хот үүсгэн байгуулагдсаны 290 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх, өвөрхангайчууд төдийгүй монголчуудыг бахархал болсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Д.Цэрэнтогтохын хүрэл хөшөөг босгохоор ажиллаж байгаа гэв. Тиймээс эдгээр ажилд Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй Өвөрхангай аймгийн нутгийн зон олныг хөрөнгө санхүү болоод сэтгэл санааны дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа дуулгаж байлаа. Харин Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд “Жил бүрийн сар шинийн босгон дээр Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран сар шинийн золголтын үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ золголтоор ахан дүүстэйгээ уулзаж, золгохоос гадна улиран өнгөрч байгаа жилдээ өвөрхангайчууд ямар амжилт бүтээлээр үдэж буйг дүгнэж цэгнэдэг. Түүнчлэн аймагтай холбоотой цаг үеийн ажил ямар байгаа, аймгийн өвөлжилт, хаваржилт ямар байгаа талаархи мэдээллийг нутгийн зон олондоо хүргэдэг ийм сайхан золголт болж өнгөрдөг. Улиран өнгөрч байгаа гал бичин жил бидний хувьд түүхэн чухал үйл явдлуудаар дүүрэн байлаа. Тухайлбал, өвөрхангайчууд Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95, Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадмын үеэр аймгийн иргэдээс Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Ерөнхийлөгчийн зарлигаар Өвөрхангай аймгийг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасан гээд түүхэн сайхан жил болж өнгөрлөө. Манай аймаг мал аж ахуйн аймаг. Тэр утгаараа аймгийн эдийн засгийн гол үндэс болсон мал сүрэг таван төрлөөрөө 700 орчим мянган толгойгоор өсч, таван сая 208 мянган толгой мал тоолуулан хоёр жил дараалан улсдаа хамгийн олон мал тоолуулсан аймаг болж байна. Тиймээс ч нутгийн ард түмний нөр их хөдөлмөрийг төр Засаг өндрөөр үнэлж, энэ жил Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саалчин, Улсын тэргүүний тариаланч гээд 10 гаруй хүн улсын аваргаар шалгарлаа” гэв.

Ийнхүү өвөрхангайчууд улиран одож буй жилд гаргасан амжилтаа бататгаж, ирж буй гал тахиа жилд их зүйл хийж, бүтээхийн ерөөл тавьж, учран золголоо.







Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна