С.Баяр: Миний дүү шүүх хуралд оролцохгүй гээгүй

2017/03/14
 С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял сонссон Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Х.Чимгээ нарын давж заалдах шатны шүүх хурал нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд 09.30 цагт эхэлсэн. Шүүх хуралдаанд анхан шатны шүүхээс ял сонссон этгээдүүд хорих ангиас цахимаар холбогдож байгаа юм. Тэд бүгд шүүх хуралдааныг нээлттэй явуулахыг шүүх бүрэлдэхүүнээс хүссэн.

Өмнө нь С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг гаргаж байсан юм. Тэрбээр өнөөдрийн шүүх хуралдаанд өөрийн биеэр хүрэлцэн ирээгүй ч түүнийг төлөөлөн өмгөөлөгч Л.Энхсайхан, ах С.Баяр нар шүүх хуралдаанд оролцож байна.

Энэ үеэр С.Баяр “Нэгдүгээрт, миний төрсөн дүү С.Оюун өнөөдрийн шүүх хуралдаанд оролцохгүй гэж хэлээгүй. С.Оюун гадаадад томилолтоор ажиллаж байгаа учир би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хоёрдугаарт, шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг миний зүгээс ч гэсэн тавьж байна” гэлээ.

Шүүх хуралдааны ерөнхий шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр Ц.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нар оролцож байгаа юм. Шүүх хуралдаанд оролцогчид хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт тавьсан тул улсын яллагч Ж.Сандаг-Очир тайлбар хийлээ. Тэрбээр “Энэ хэрэг нь төрийн маш нууцад хамаарна гэсэн дүгнэлтийг шинжээч гаргасан учраас Шүүх хуралдааныг хаалттай явуулах нь зүйтэй" гэснээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулсан.

Даргалагч шүүгч С.Соёмбо-Эрдэнэ “Хавтаст хэргийн 215-220 дугаар хуудсанд шинжээчийн дүгнэлт бий. 1998 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн энэ хэрэг маш нууцыг зэрэглэлд хамаарах болсон. Тиймээс хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж, хуралдааныг хаалттай явуулахаар боллоо” гэснээр давж заалдах шатны шүүх хуралдаан хаалтай горимд шилжлээ.

Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна