​Д.Мөнхжаргал:“Улс орны хамгийн эрхэм үнэт зүйл ирээдүйгээ бэлтгэх учраас энэ аян их ач холбогдолтой”

2017/03/14
“Монгол хүн- Хүмүүжлийн анхдугаар зөвлөгөөн" өнөөдөр эхэллээ. 

Уг зөвлөгөөнд Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн Боловсролын газартaй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд зөвлөгөөнд Засгийн газрын гишүүн БСШУС-ийн сайд Ж.Батсуурь, Нийслэлийг Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар    болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож салбарынхаа тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, арга замын талаар хэлэлцлээ.

Боловсролын салбарынхны энэ удаагийн зөвлөгөөнөөр салбарын тулгамдаж байгаа Монгол хүнээ бэлтгэх, хүмүүжлийн асуудлуудын шийдлүүдийг ярилцаж,  2017 оны 2 сарын 14-ны өдрөөс эхлэн 4 жилийн турш үргэлжлэх “Монгол хүн- Хүмүүжлийн аян”-ы зохион байгуулалт, хамрах хүрээ, гарах үр дүнгийн талаар хэлэлцсэн юм.

Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хороотой хамтран зохион байгуулах “Монгол хүн-Хүмүүжлийн аян”-д төрийн  болон хувийн өмчийн цэцэрлэг 623, 225 сургууль, 8 боловсролын төв хамрагдах бөгөөд  аянг 2020 он хүртэл жил бүр 4 үе шаттайгаар дүгнэх юм байна.
 
Монгол хүн хүмүүжлийн аяны зорилго нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх үүднээс хүний эрхийг эрхэмлэн, уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрладаг, авъяас чадвараа хөгжүүлэн сурч боловсрох эрмэлзлэлтэй, бүтээлч, хариуцлагатай, уужуу холч ухаантай, өгөөмөр зочломтгой, үнэнч шударга иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэх бөгөөд Нийслэлийн хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийг газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргүүдийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, боловсролын хэлтсүүд хамтран оролцоно.

Тус аяныг санаачлагч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал хэлэхдээ “Улс орны хамгийн эрхэм үнэт зүйл бол маргаашийн ирээдүйгээ бэлтгэх явдал юм. Монголчууд бид Хүн болох багаасаа хүлэг болох нь унаганаасаа гэж хэлэлцдэг билээ. Тиймээс Монгол хүнээ багаас нь бэлтгэе. Бид хүнлэг, элгэмсэг, ухаалаг, өөдрөг,зорилготой, бүтээлч, хариуцлагатай Монгол хүүхдээ бэлтгэх ажил чухал болоод байна. Иймээс нийгмийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр орчин үеийн Монгол иргэний язгуур суурь чанаруудыг төлөвшүүлэх, хүүхдийн хүмүүжлийн талаар төр засгийн оновчтой бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг зорьж байна. Энэхүү аяны хүрээнд Монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн цогц хөтөлбөр боловсруулах, хүүхдийн зөв хүмүүжлийн тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, солилцох, Багш-суралцагч-эцэг эхийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоог дээшлүүлэх, хүмүүжлийн сөрөг үзүүлэлтийг бууруулах олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. “ 













 

Э.Сугар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна