Төв аймгийн Эрдэнэ сумын II багийн нутаг Туул голын эхэнд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэсэн сурвалжлагыг хүргэж байгаа билээ. Мод бэлтгэлийн талаар олон нийтийн дунд янз бүрийн ойлголт бий.
Нэг хэсэг нь мод бэлтгэл бизнес болж хувирсан, ашиг хонжоо хайж Монголын ойг хяналтгүй сүйтгэж байгаа, түүнээс үүдэн гол мөрөн ширгэж байна гэхэд нөгөө талд ойн цэвэрлэгээг зайлшгүй хийх ёстой, эс тэгвэл ойд түймэр дэгдэх, хортон шавьжинд идэгдэх гол нөхцөл болно гэж тайлбарладаг. Энэхүү хоёр талын байр сууринаас хандсан мэдээлэл газар дээрээ хэр бодитой болохыг бид тодруулахыг зорьсон юм. Түүнээс гадна Хатан Туул хэмээн шүтэж тахиж ирсэн голын эхэнд мод бэлтгэх болсон нь илүү их анхаарал татаж байна.
А.Төмөрсүх: ГАНЦ БҮДҮҮН МОД УНАГААХАД ОЛОН ЖИЖИГ МОД СҮЙДДЭГ
Төв аймгийн Эрдэнэ сумын II багт Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газраас “ЭБЭ” гэх компани ойн цэвэрлэгээ хийж байна. Тэд Цахир цагаан чулуут, Зуухт гэх хоёр уулнаас мод бэлтгэж байхад нь манай сурвалжлах багийнхан таарсан билээ.
Зуухт уулын арын энгэрт хэд, хэдэн отог байрлаж, энд тэндгүй цахилгаан хөрөө тачигнаж модод сүрхийн унах чимээ сонсогдож байлаа. Шинэхэн тайрсан хожуулууд ч олон харагдсан. Гол нь зөвхөн ургаа модод тайрч байгаа үйл явц тэнд өрнөж байв.
Шатсан, унанги, шавьжинд идэгдсэн модод газраар хөглөрнө. Тэднийг мод бэлтгэлийн ажилтнууд ер тоох шинж алга. Харин зөвхөн ургаа моддыг л тайрч цагаалж бэлтгэсээр байв. Зарим тайрч унагаасан модод голдоо өмх идсэн байх аж. Тийм моддыг тэр чигт нь орхижээ. Компанийн ажилтнууд хуурай мод бэлтгэж байна гэж мэлзэх ч газар дээрээ нойтон хуш унагаасан байхтай нь бид таарсан юм.
Түүнчлэн жижиг зулзган модод бэлтгэлийн явцад сүйрсэн харагдсан. Энэ тухайд Эрдэнэ сумын II багийн иргэн А.Төмөрсүх “Ойн цэвэрлэгээ хийж байгаа энэ газар унанги ховор, сийрэг хуш модтой. Мод бэлтгэлийн явцад хуш унагаасныг бид газар дээр нь харлаа.
Дандаа ургаа модыг унагааж байна. Ганц бүдүүн мод унагаахад хажууд нь өчнөөн жижиг мод сүйддэг. Гэтэл энд ямар ч хяналт байхгүй байгаад гайхаж байна” гэв. Нээрээ л бидний ажилласан бүтэн өдрийн сурвалжлагын явцад хяналтын, албаны нэг ч хүн мод бэлтгэлийн талбайд ирээгүй юм. Ямар модыг хэрхэн сонгож унагааж байгаа, тэр явцад бусад мод өртөж байгаа эсэх, тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль орчинд нөлөөгүй тээвэрлэлт хийж байгаа, хэр хэмжээтэй модыг нийслэл рүү тээвэрлэж байгаа зэрэгт хяналт алга.
МАЛЧИД ДЭЭВЭРГҮЙ МАЛЫН ХАШААТАЙ БАЙХАД ДЭРГЭДҮҮР НЬ ТОМ МАШИНААР МОДЫГ НЬ ЗӨӨНӨ
Зуухт уулаас бууж бид нутгийн малчдын гэрээр оров. Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын бүс эхэлснээс цааш айл амьдрах битгий хэл мал бэлчээрлэх боломжгүй, хуулиараа ч хориотой. Харин хамгаалалтын бүсээс наана нутгийнхан хаваржиж байна. Хоёрдугаар багийн иргэн О.Эрдэнэчулуун гуай энэ нутгийн унаган иргэн. Хүүхэд ахуй цагаасаа энэ голын хөндийд тоглож өссөн нэгэн аж.
Нэг үгээр тэрээр нутгийнхаа онгон дагшин байгалийг шүтэж, нутгийнхаа нэг ч чулууг хөдөлгөхөөс эмээж өссөн хууччуулын нэг. Хан Хэнтийг дархалснаас хойш нутгийнхан бүр ч илүү шүтэх болсныг тэрээр ярьж байна.
Гэвч сүүлийн үед хүнд даацын автомашинууд дархалсан газраар нь хөндлөн гулд давхилдах болсонд ихээхэн бухимдалтай байв. Тэрээр “Ойн цэвэрлэгээ хийж байна гээд л сүүлийн үед машинууд давхилдах болсон. Гэхдээ энэ нутагт нийслэл хотыг усаар хангадаг Туул голын ундарга байгаа.
Голын ундарга дээр мод бэлтгэх нь маш буруу. Нутгийн иргэд бид ч эндээс мод бэлтгэх эрхгүй. Ямар сайндаа л малынхаа хашааг дээвэрлэж чадахгүй, даавуу татчихсан байхав” гэж байна. Залуу малчин З.Жаргалболд ч ийм байр суурьтай байлаа. Түүний ярьснаар мод бэлтгэлийн ажил Шинэ жилийн баярын дараахан эхэлсэн гэж байна. Ямар учиртай хүмүүс болохыг нь лавлахаар “Яамны зөвшөөрөлтэй. Та нарт хамаагүй” гэдэг аж.
Өөрийн хэрэгцээнд хэдэн гоожин бэлдээд баригдсан нутгийн нэг нөхөр ял авч байсан удаатай гэнэ. Түүнээс хойш мод бэлтгэх тухай нутгийнхан бодох ч эрхгүй болж. Ер нь монголчуудын өнөөгийн дүрх ийм.
Газар, байгалийн баялаг ард түмний өмч гэж Үндсэн хуульдаа заасан ч амьдралд хэрэгждэггүй. Он удаан жил амьдарч буй нутгаасаа ганц, хоёр мод аваад хэрэглэх эрхгүй малчид дээвэргүй малын хашаатай сууж байхад дэргэдүүр нь хаа холын сураггүй нөхөд том том машинаар модыг нь зөөгөөд гэрийнх нь хаяаг дайрах шахам өнгөрөх нь шударга явдал уу?
“ЭБЭ” КОМПАНИ 880 ШОО МЕТР МОД БЭЛТГЭХ ЭРХТЭЙ ГЭНЭ
Ойн тухай хуулиар ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай тушаалыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд жил бүр гаргадаг аж. 2017 онд мод бэлтгэх тушаалыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 23-нд гаргажээ. Уг тушаалаар бол Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газраас цэвэрлэгээний огтлолтоор 240 га-гаас 6000 шоо метр мод бэлтгэхээр дээд хязгаарыг баталсан байна. Харин Төв аймгийн Эрдэнэ сумын II багт Туул голын эхэнд 880 орчим шоо метр мод бэлтгэх зөвшөөрлийг “ЭБЭ” компанид олгожээ.
Мод бэлтгэлийн компанийг хэрхэн сонгодог талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас тодруулахад тусгайлсан тендер зарладаггүй гэж байна. Компанийн ажлын туршлага, техник төхөөрөмжийн хангамж зэргийг харгалзаж сонгодог юм байна. Тодорхой хэмжээний сонгон шалгаруулалт явуулдаг гэсэн боловч хэзээ, хэчнээн компани өрсөлдсөн болох мэдээлэл бүрхэг байв.
Бидний олсон мэдээллээр “ЭБЭ” компани 2008 оны үед салбарын яамнаас мод бэлтгэлийн чиглэлээр тусгай зөвшөөрөл авчээ. Богдхан уулын Төрхурхын аманд 2014 онд ойн цэвэрлэгээ нэрээр мод бэлтгэж байж.
Мөн тэр ондоо Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэсэн гэнэ. Түүнчлэн өнгөрсөн жил Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэжээ. Гэвч тэдний өмнөх ажлуудын хувьд нутгийн иргэд болон байгаль орчны иргэний нийгмийн байгууллагууд тийм ч таатай ханддаггүй аж. Төрхурхын аманд мод бэлтгэх үед хууль зөрчсөнөөс байгаль орчны иргэний нийгмийн байгууллагаас очиж үйл ажиллагааг нь зогсоож байсан удаатай аж. Хууль, журмын дагуу ойн цэвэрлэгээ хийж мод огтолж байгаа компани 100 шоо метр мод бэлтгэх тутамд хоёр га газрыг ойжуулах үүрэгтэй. Харин тэд Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэхдээ нөхөн сэргээлт хийгээгүйг нутгийн иргэд хэлж байлаа. Компанийн ажилтан ч үүнийг баталсан юм.
Н.Мөнхсайхан: КОМПАНИ ЗӨВШӨӨРСӨН ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРҮҮЛЖ МОД БЭЛТГЭСЭН
Эрдэнэ сумын Засаг даргын шийдвэрээр энэ долоо хоногийн эхээр мод бэлтгэлийн талбайд шалгалтын баг ажиллуулжээ. Учир нь тус компани мод бэлтгэлийн талаар сумын захиргаанд ямар нэгэн мэдээлэл өгөхгүйгээр ажлаа эхлүүлсэн байна. Нутгийн иргэд сумын удирдлагуудыг энэ ажилд хардаж сэрдэж байгаа нь ч нөлөөлсөн гэж байна. Тиймээс ямар зөвшөөрөлтэй компани, хууль ёсыг хэрхэн сахиулж байгааг газар дээр нь шалгажээ. Энэ талаар Эрдэнэ сумын Засаг дарга Н.Мөнхсайханаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Ажлын хэсгийнхэн ямар шийдвэртэй ирэв?
-Засаг даргын орлогчоор ахлуулсан байгаль орчны байцаагч нарын хүмүүс оролцсон ажлын хэсэг ажиллаад ирсэн. Нөгөө талаас ч хүмүүс байлцсан. Компани энэ сарын 15-нд ажлаа дуусгах гэрээтэй юм билээ. Ажлын хэсгээс компанийг 15-наас эхлээд мод унагаах ажлыг зогсоож, мод бэлтгэсэн талбайд цэвэрлэгээ хийхийг үүрэг болгосон. Бэлтгэсэн модыг постны дэргэд тээвэрлэж, хурааж, хэмжихэд бэлэн болго гэж мэдэгдсэн. Постон дээр буулгасан модыг хэмжиж, хот руу тээвэрлэлт хийхийг зогсоосон.
-Байгаль орчин сүйдсэн асуудал бий юү?
-Ой тодорхой хэмжээгээр сүйтгэсэн. Ойн цэвэрлэгээг хангалтгүй хийсэн. Компанийн зүгээс гэрээгээ үргэлжлүүлнэ гэсэн санал гаргасан ч манай зүгээс хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь мод бэлтгэж байгаа талаар орон нутагт заавал мэдэгдэх ёстой. Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар, орон нутгийн удирдлага, компани хамтран гурвалсан гэрээ хийх ёстой.
Ингэж байж аль аль талаас хяналт сайжирна. Гэтэл ямар ч хяналтгүйгээр ажиллаж байсан. Удахгүй Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт очиж тооцоо нийлнэ. Хэдий Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын зөвшөөрлөөр мод бэлтгэж байгаа ч ойн нөөц ашигласны төлбөрийн 60 хувь нь орон нутагт орох хуультай. Гэтэл одоо хүртэл тус мөнгө орж ирээгүй. Мөн компанийн бэлтгэсэн мод нь зөвшөөрсөн хэмжээнээс хэтэрсэн гэж ажлын хэсгийнхэн дүгнэсэн. Энэ асуудлуудыг тодруулна.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж:Зууны мэдээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна