Талийгаач Б.Хүслэн өөрийгөө удирдах чадваргүй болтлоо мансуурсан байжээ

2017/03/17
 Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Рояал Кэстл” хотхоны 103 дугаар байрны 12 давхраас Б.Хүслэн гэх залуу унаж амь насаа алдсан хэрэг энэ оны нэгдүгээр сарын 29-нд гарсан Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа.

Цагдаагийнхан Б.Хүслэн өндөр давхраас унасан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа. Хэрэг болсон байр нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүү Б.Хүлэгтийнх бөгөөд 12 өрөөтэй том байр аж. Тэнд байсан залуус дээрх өрөөнүүдэд хуваагдан унтаж байсан бөгөөд найзыгаа тагтнаас унасныг цагдаагийнхан ирэхэд л мэдсэн гэж мэдүүлжээ. Талийгаач тус байрны мансард бүхий тагтан дээрээс унасан бөгөөд ганцаараа явсан бололтой хөлийн мөр цасан дээр байсан гэнэ.

Тухайн үед цагдаа нарыг очиход тус гэрт байсан залуус болох Э.Намсрай 22 настай, Б.Цэрэнням 21 настай, Б.Бат-Оргил 28 настай, Ж.Гантулга, 28 настай, Г.Дөлгөөнбаатар 21настай, Ц.Цэрэндорж 23 настай, Б.Хүлэгт 23 настай, Н.Жамух 23 настай, Ц.Даваажаргал 28 настай, Э.Есүнгэ 25 настай, Б.Намуун нарыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст аваачиж, цусны шинжилгээ авсан байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Б.Бат-Оргил, Б.Намуун нараас бусад есөн хүнээс сэтгэцэд нөлөөлөх хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн гэдэг нь тогтоогджээ.

Хэрэг гарсан Б.Хүлэгтийн гэрт үзлэг хийж, үнэрч нохойгоор шалгуулахад мансардны давхрын өрөөнөөс ундааны сав хоёрыг, бетон саван дотроос мөнгөлөг өнгийн гаанс, булангийн өрөөнөөс гялгар уутанд хийсэн ногоон өнгөтэй өвс, мөнгөлөг цаасанд ороосон хар тамхи, усны саван дотор гуурсан хоолой хийсэн зүйлс , эм хэлбэртэй шахмал цагаан зүйл олдсоныг эд мөрийн баримтаар хураан авсан байна.

Талийгаач Б.Хүслэн амьд байхдаа учирсан гэмтэл байгаагүй нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Харин өндрөөс унах үедээ тархины суурь яс нь бяцарч, элэг уушги нь задарсан, хөл, гар, хавирга нь хугарсан байна. Тархины хүнд гэмтэл нь шууд үхэлд хүргэсэн гэх дүгнэлт гарчээ. Мөн талийгаачийн цуснаас авсан шинжилгээгээр мансууруулах төрлийн бодис их хэмжээгээр хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Иймд Б.Хүслэн мансуурсан үедээ тагтнаас унаж амь насаа алдсан гэх дүгнэлт гаргаад байгаа аж.

Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Э.Намсрай, Б.Цэрэнням, Ж.Гантулга, Г.Дөлгөөнбаатар, Ц.Цэрэндорж, Б.Хүлэгт, Н.Жамух, Ц.Даваажаргал, Э.Есүнгэ нарыг Эрүүгийн хуулийн 188.2, 192.3.4, 192.2, 192.1-д зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна