​Суудлын автомашины импорт 15.3 хувиар өсжээ

2017/03/18
2017 оны эхний хоёр сард Монгол Улс нийт 31.5 сая ам.долларын суудлын автомашин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өссөн байна. Ялангуяа Японоос импортолсон суудлын автомашин нийт автомашины дийлэнх хувийг буюу 90.8 хувийг бүрдүүлж байна. Мөнгөн дүнгээр нь тооцвол жилийн өмнөхөөс 4.4 сая ам.доллараар нэмэгдэж, 28.6 сая ам.доллар болжээ. Түүнчлэн суудлын автомашины импортын 5.2 хувийг БНСУ-аас, 2.3 хувийг Германаас , 0.6 хувийг АНУ-аас нийлүүлсэн байна. Монгол Улс Энэтхэг, Хятад, Мексик, Франц, Их Британи зэрэг 10 гаруй улсаас их, бага хэмжээгээр суудлын автомашин импортолж байгаа аж.

Суудлын автомашины импорт мөнгөн дүнгээрээ өссөн төдийгүй тоо ширхгийн хувьд 37.3 хувиар өсөж, 7459 болсон байна. Харин ачааны автомашины хувьд мөнгөн дүн нь 51.4 хувиар өсөж, 12.5 сая ам.доллар болжээ. Энэ нь 2016 оны эхний хоёр сард 57 хувиар огцом буураад байсан үетэй харьцуулахад импорт эргэн сэргэж, 46.4 хувиар өссөн дүнтэй байна. Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлснээр Монгол Улс оны эхний хоёр сард 909 ачааны автомашин импортолсон байна.
 
Э.Сугар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна