МАН-аас нэр дэвших магадлалтай улстөрчид

19 цаг 2 минутын өмнө
-МАН-ын гол нэр дэвшигч ч хэдийнэ сурталчилгааныхаа ажилд орчихсон яваа. Гол гэсний учир МАН-ыг гаднаас нь харахад тодорхой харагдавч дотроо бас эргэлзээ дагуулсан уур амьсгал хэвээр байгаа аж-

2012 оны УИХ, орон нутгийн сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялалт байгуулж асан Ардчилсан намын топ амжилтыг Ардын намынхан давтах эсэхийг ирэх зургаадугаар сарын сүүлээр харах болно. Их улс төрд ийм амжилт үзүүлж өрсөлдөгч намаа гудамжинд суга татаж хаяна гэдэг түүхэнд олон тохиохгүй. Одоо юу үнэн гэвэл Ардчилсан намд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй олон улстөрч учраа олохгүй шахцалдаж байхад Ардын намаас хэн дэвших нь эсрэгээрээ маш тодорхой дүр зураг бууж байна.

Үүгээр ч зогсохгүй Ардчилсан намынхныг нэрээ өөрчилсөн ҮЗХ буюу Бодлогын хороогоо байгуулах гэж бужигнаж байхад хэдийнэ Гүйцэтгэх засаглал нь ирэх сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийнхээ замыг засаад эхэлчихлээ. Үүнийг Ерөнхий сайд уржигдар хэлсэн үгнээс бүрэн ойлгож болох. МАН-ын гол нэр дэвшигч ч хэдийнэ сурталчилгааныхаа ажилд орчихсон яваа. Гол гэсний учир МАН-ыг гаднаас нь харахад тодорхой харагдавч дотроо бас эргэлзээ дагуулсан уур амьсгал хэвээр байгаа аж.

Учир нь М.Энхболдоос өөр Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулах хэмжээний хүчтэй хоёр ч улстөрчийн нэр тэнд яригдсаар байна. Нэг нь мэдээж хэрэг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж.

Угаас улстөрчдийг рейтингээрээ манлайлдаг нэгэн, өнгөрсөн зунаас авахуулаад дөрвөн улирал дамнасан Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар олон нийтийн тодорхой хэсэгт таашаагдаж байгаа. Лав намынхаа хурлаас нэрээ дэвшүүлэхэд М.Энхболдтой хүчтэй өрсөлдөхөөр л нэр.

Удаах нь хүмүүс тэр бүр анзаарахгүй байгаа ч намынхаа дотоодод басхүү хүчтэй, нөлөө бүхий улстөрч. Энэ бол 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар намын дарга байхдаа нэр дэвших эрхээ Б.Бат-Эрдэнэд найр тавин өрсөлдүүлж байсан, Монголын улстөрчдөөс аливаа асуудалд орооцолдоод байдаггүй хуруу дарам цөөн, зангараг бүхий улстөрчийн нэг Ө.Энхтүвшин юм.

Ерөнхийлөгчид өрсөлдөнө гэдэг улстөрчийн хувьд дахин олдохгүй том завшаан. Энэ боломжоо нэгэн цагт намынхаа эрх ашгийн үүднээс найр тавьж өгч байсан Ө.Энхтүвшин одоо дахин алдах болов уу, ямартай ч  хариугаа нэхэж нэг зүтгэчихвэл түүний ард МАН-ын нөлөө бүхий асаалттай танкууд бий гэдэг. Эхнээсээ л Ж.Эрдэнэбатын Засгийн газарт хатуу шүүмжлэл хаяглаж ирсэн тул олон нийт ч түүнд тааламжтай хандах нь болов уу.

Ардын намаас энэ гурван улстөрчийн нэр маш тод томруун Ерөнхийлөгчийн сонгуульд яригдаж байгаа ч бас дотроо хүсэл тээж яваа улстөрч бий. Тэр нь Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх.

Намаа улаан цээжээрээ хамгаалахаас буцахгүй гэдгээ цөөнгүй батлан харуулж байсан энэ офицерийн улс төрд хуримтлуулсан туршлага Ерөнхийлөгчид өрсөлдөхөд төдийлөн жулдаад байхгүй. Маш олон үйлдлээрээ Путиныг дууриадаг гэх түүний үг ч сүүлийн үед ийм хэв шинжтэй болж монголчуудын хүчтэй удирдагч хүсэх уур амьсгал дээр амжилттай тоглолт хийж яваа. Тиймээс сүүлийн үед түүнийг энэ зуны сонгуулийн хүчтэй кандидат болж мэднэ гэх мессеж нисэх болсон нь санамсаргүй хэрэг биш байх.

Хэдий тийм ч намын даргынхаа, намынхаа хүчтэй улстөрч ах нарынхаа урдуур зүтгэх нь сахилга бат өндөртэй гэгддэг МАН-д зохимжгүй хэрэг гэдгийг тэрбээр ойлгож байгаа. Тэгээд ч энэ сонгуулиар МАН-ын дарга, УИХ-ын дарга гэх мэт томоохон албан тушаалууд онгойх магадлалтай тул У.Хүрэлсүхийн хувьд яриа тохироонд орохыг эрмэлзэх биз.

Магадлалтай эдгээр гурван нэр дэвшигчээс нэг нь л намаа төлөөлөх учиртай тул тэдний хоорондын тохироо, учир жанцан Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгуульд хэнбугай нь өрсөлдөж улмаар намаа гурван шатны сонгууль дараалан ялуулах эсэхийг шийдэх юм.

Эх сурвалж:Өглөөний сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна